Анодын хэргийг хянахаас татгалзжээ
Анод банкны хэргийг хянаж буй прокурор нь солигдож, нийслэлийн прокурор О.Мөнхбаатар, Х.Нямтайван нар хэргийг хянах болжээ. Энэ талаар тус хэргийг хянаж байсан прокурор Ч.Базаррагчаагаас тодруулахад тэрбээр “Өөрийн хүсэлтээрээ дээрх хэргийг хянахаас татгалзсан” гэв.
Түүнчлэн “Анод” банкны хэргийг хохирогчид хэргийн материалтай танилцаж эхэлсэн байна. Тус хэргийн материал 20 мянга гаруй хуудастай, 150 хавтаст материал аж.
Түүнчлэн “Зоос” банк дампуурсан хэрэг шийдэгдэхгүй хоёр он дамжиж удааширч байгаад хохирогчдын түр хорооныхон бухимдан Үндсэн хуулийн цэцэд хоёр үндэслэлээр хандах болсон гэнэ.
Тодруулбал, 2009 оны 11 дүгээр сарын 19-нд Засгийн газар банк байгуулах 348 дугаар тогтоол гаргаж, банкны үүсгэн байгуулагчаар Сангийн яамыг томилсон аж. Хуулийн дагуу уг асуудлыг УИХ мэдэх гэнэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.2-рт зааснаар “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэж заасан байтал Засгийн газар өөрийн эрх мэдлээс хэтрүүлж УИХ өмнөөс шийдвэр гаргасан. Мөн Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлд “Төсвөөс санхүүждэг хуулийн этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк байгуулж болно” гэж заасан. Гэтэл төсвөөс санхүүждэг хуулийн этгээд бол Сангийн яам байтал ийн хууль зөрчсөн үйлдэл хийсэн аж.
URL:












