Үр дүн муутай зам засварын ажил үргэлжилсээр

зам засварМанай улсын хөгжил цэцэглэлт эрчимтэй явагдаж байгаа.  Үүний нэг илрэл бол авто зам юм. Өнгөрсөн онуудад манай улсын авто замын асуудал хурцаар тавигдаж байсан. Мөн жил ирэх тусам авто машины тоо нэмэгдсээр байгаа ба энэ нь замын хөдөлгөөний ачаалалд нөлөөлж эхэлсэн. Түүнчлэн автозамын байдал тийм ч сайнгүй байсан тул ачаалал ихэсч осол аваарын тоо нэмэгдэх болсон. Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн автозам засварын ажил эрчимтэй явагдаж эхэлсэн бөгөөд энэ онд мөн дээрх ажил өрнөсөөр буй аж. Өнгөрсөн онд автозамыг өртгөтгөх засвар ажлууд хийгдсэн ба хэд хэдэн гүүрэн гарц уулзваруудыг нэмсэн болно. Энэ нь өнөөдрийн хөдөлгөөний ачаалал ихэсч буй үед ихээхэн ач холбогдол үзүүлж байгаа билээ.

Тэгвэл энэ оны зам засвар, барилга бүтээн байгуулалтын улирал ирээд байна. Жил бүрийн зам засварын ажил сунжирсаар намар орон нутгийн иргэд хотод ирэх үеэр, мөн оюутнууд хичээлдээ орох үеэр зам засварын ажил хийгдэж ихээхэн түгжрэл чирэгдлийг үүсгэдэг билээ.

Харин энэ жилийн зам засварын ажлыг эрт төлөвлөж эрт дуусгахаар ажлаад байгаа юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 2014 онд хэрэгжүүлэх хотын гудамж замуудын урсгал засварын /нөхөөс/ ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр 2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулж ажилдаа орсон аж. Харин засварын ажлыг долоодугаар сарын 1-ний дотор хийж гүйцэтгэх ёстой юм байна.

Урсгал засварын ажлыг хийх явцад замын хөдөлгөөнийг бүрэн хаахгүйгээр тухайн засвар хийх хэсэгт хаалт, тэмдэг тавьж хийж гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн ажлууд эрчимтэй явагдаж эхэлсэн бөгөөд Нийслэлийн өнгө үзэмжид ихээхэн ач холбогдол үзүүлэх билээ. Мөн үүний хажуугаар жолооч нар маань замын хөдөлгөөнийхөө зүрэм журмын чанд мөрдөх нь чухал асуудал болоод байгаа юм. Өнөөдөр Нийслэлийн хэмжээнд хоногийн дотор 800 гаруй машин улаан гэрлэн дохион зөрчиж байгаа ба хурд хэтрүүлэн бусдын хөдөлгөнөд саад учруулах бүр цаашлаад ноцтой осол аваар гаргаж байгаа юм. Тиймээс жолооч та өөрийн болон бусдыг хохироогүйн тулд дүрэмээ мөрдөх хэрэгтэй билээ.

Гэхдээ өмнөх үеэ бодоход өнөөдөр жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо нэгнийгээ хүндэтгэх соёлтой харилцаа бий болоод байгаа. Энэ нь мэдээж сайн хэрэг.  Түүнчлэн энэ онд СХД-т “Гудамж” төслөөс өнгөрсөн жил Саппорогийн уулзвар, Гурвалжингийн уулзвар, “Өнөр” уулзваруудыг  тус тус өргөтгөн шинэчилсэн. Тэгвэл төслийн багийнхан энэ жил Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дундуурх шинэ замын бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж ажиллах юм байна.

Улмаар нэгдүгээр хорооллын арын хэсгээс 21 дүгээр хорооллын уулзвар хүртэлх гэр хорооллын дундуурх шинэ зам, “Талх чихэр” компанийн арын хэсгээс Хамбын овоог дайруулан  тус дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Ногоон нуур буюу Гүнжийн нуур хүртэл гэр хорооллын айл өрхүүдэд зориулсан тойрог зам барих юм.   Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүрэгт “Монос” уулзвараас Нисэхийн тойрог хүртэлх 5.5 км хүнд даацын автомашин зорчиход зориулагдсан 24 см зузаантай шинэ технологийн замыг энэ ондоо багтаан ашиглалтад өгөхөөр Эдийн засгийн хөгжлийн яам, “Гудамж” төслийн захиалгаар “Арц суварга”, “Бадрах ойл” компаниуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Энэ мэтчилэн ажил өрнөсөөр байгаа юм. Хамгийн эцэст бид автозам хэр урт наслах вэ? Гэдгийг харах үлдлээ. Өмнөх шинээр тавьсан замууд нь ганцхан жилийн настай байсан уу гэмээр төд удалгүй хагарч цуураад нүх болон үлддэг байна.

Энэ нь чанарын асуудалтай холботой аж. Түүнчлэн Нийслэлд хувиараа авто машин угаалга ажиллуулж буй иргэд замын хажуухан шахуу автомашин угаан муу усаа замруу урсгасанаас үүдэлтэй зам хагарч мууддаг байна. Тиймээс дээрх  зам сүйтгээд буй үйл ажиллагааг эмх замбараатай болгож өгөх хэрэгтэй байгаа юм.  Энэ жил зам засварын ажилд нийт 74 тэрбум 130 сая төгрөг төсөвлөжээ.  Үүнд 54.9 км авто замыг шинэчлэх, 40.4 км авто зам шинээр барих, 243.2 у/м гүүрийн засвар шинэчлэл хийх, 9 байршилд замын ус зайлуулах шугам барьж байршуулах, нэг ширхэг автомашины нүхэн гарц барих, хоёр ширхэг явган хүний гарц барих, 1.84 км байгалийн чулуун зам барихаар төлөвлөсөн байна. Тиймээс энэ их хөрөнгө мөнгийг хий хоосон, ганцхан жилийн настай замд зориулаагүй урт удаан хугацааны зам засварын ажил зарцуулах нь чухал билээ. Одоо ердөө үр дүнг нь үзэх л үлдээд байна.

 

Ugluu-logo1

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих