Нефтийн үйлдвэр байгуулах л хамгийн зөв гарц

Хойд хөрш нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортыг хязгаарласан нь манай улсын хувьд хүнд цохилт болж байна. Өөрсдөө боловсруулах үйлдвэргүй, энэ салбарынхаа бодлогод анхаараагүйн гай өнгөрсөн өдрүүдэд иргэдийн нуруун дээр л буув. Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын голлох салбарын нэг.

Хүнсний хангамж энэ тэрээс эхлээд олон асуудал энэ салбартай холбогддог. Гэтэл яг тариалалтын ид саруудад дизелийн хомсдол үүссэн нь энэ салбарт сөргөөр нөлөөлсөн. Дизель түлш их хэмжээгээр хэрэглэдэг салбар бол уул уурхай. Өнөөдөр эдийн засгийн өнгийг тодорхойлж байгаа гол салбар. Тэгээд ч уул уурхайн ажил дулааны улиралд эрчимждэг. Яг тэр үеэр нь дизелийн хомсдол үүсчихээр яах вэ. Байдал ямар байх нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл эдийн засагт нөлөөлөхөөр голлох салбарууд хаалгаа барих дөхтлөө хэцүүдсэн. Газрын тосны газрын удирдлага, салбарын сайд, гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд хойшоо, урагшаа явж дизель нийлүүлээч гэж зөөлөн дуугарсан ч мэдэгдэхээр үр дүн гараагүй байна. Эцэстээ нийтийн тээврийнхэн хүртэл үнээ нэмж иргэдийн нуруун дээр ачаа нэмж эхэллээ. Ерөнхийлөгч саяхан ОХУ-д айлчлаад ирсэн.

Айлчлалын үеэр шатахуунаас илүү чухал асуудал шийдэгдэх учиртай байсан. Төлөвлөсөн асуудлуудаа ярьсан л даа. Тодорхой тохиролцоонд хүрсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийг дизелийн асуудлаа л бүтээгээд ирээсэй гэсэн хүсэл нийгэмд байсан. Айлчлалаар хэлэлцэж байгаа асуудлын дэргэд хэтэрхий жижиг ч нийгмийн амьдралд нөлөөлж байгаа гэдэг утгаараа том энэ асуудлыг Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр хөндсөн. Мэдээж В.Путин саналд нь дуугүй суугаагүй, толгой сэгсрээгүй. Холбогдох албаныхандаа үүрэг өгсөн.

Гэхдээ үүрэг өгсөн гэдэг нь шууд өгнө, тэдийг өгнө гэсэн эцсийн хариу биш. Эрдэс баялаг эрчим хүчний сайд саяхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Зургадугаар сарын хувьд “Роснефть” компаниас 37 мянган тонн дизель түлш оруулж ирэхээр болж гэрээ хэлэлцээрийг хийлээ. Үүнээс 15 мянган тонн дизелийн түлшний үнийг тохирсон, Үлдэж байгаа 22 мянган тонн дизель түлшний үнийн хэлцлийг тохирно. Дотоодынхоо хэрэгцээг хангахад дээрх хэмжээ хүрэлцэхгүй учраас бусад компаниудад нэлээд хэмжээний шатахуун захиалсан.

Зургаадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр байдал хэвийн болно гэж бодож байна. ОХУ-ын зах зээлийн талаар судалдаг мэргэшсэн хүмүүс юу гэж хэлж байна вэ гэхээр “Энэ том зах зээлтэй улс шатахууны хомсдолоо хэвийн болгоход хоёр сарын хугацаа шаардана шүү” гэж анхааруулж байгаа. Тэгэхээр Монгол Улсад долдугаар cap гэхэд байдал хэвийн болно гэж тооцоолж байна” гэж онцолсон байна лээ. Сайдын ярианаас нэг зүйл анхаарал татсан. Оросын хувьд А-92 бензин ч амаргүй байгаа гэсэн.

Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа юм билээ. Тэгэхээр хэзээ нэгэн цагт дизелиэс өөр асуудал үүсэхийг ч үгүйсгэх аргагүй. Хятадаас тодорхой хэмжээний түлш авсан. Гэхдээ зах зээлийн одоогийн үнэлгээнээс өндөр үнээр. Энэ нь эргээд иргэдийн халааснаас л гарах мөнгө. Иргэд өмнө авч байснаасаа илүү мөнгө төлж дизелиэ авбал бараа бүтээгдэхүүн, бусад үйлчилгээний үнэ нэмэгдэхээс эхлээд амьжиргааны төвшинд ч нөлөөлөх асуудал. Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлалаас хүлээж байгаа бас нэг үр дүн бол нефтийн бүтээгдэхүүн. Гэхдээ энэ бүхэн гал унтраах төдий арга гэдгийг хаана хаанаа ойлгох цаг болсон.

Нөөцийн савыг одоо л ярьж эхэлж байгаа нь өнгөрсөн хойно амаа барьж байгаа л хэрэг. Сав суулгаа бэлдэж нөөцөлсөн тохиолдолд өнгөрсөн өдрүүдийнх шиг сандарч гал алдахгүй л байсан. Савыг бол хэзээ ч шийдэж болох байсан. Гэхдээ ямар ч байсан өнөөдрийг алгасахгүй ярьж байгаа нь сайн хэрэг. Засгийн газар УИХ-д оруулах төсвийн тодотголдоо шатахуун хадгалах сав барихад 60 тэрбум төгрөг тусгахаар болж байна.

Мөн нөөц бүрдүүлэхэд 30 тэрбум төгрөг тусгах юм байна. Шатахуун хадгалах сав барих Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл өмнө нь хийгдсэн болохоор сав барих ажлыг хэрэгжүүлэхэд нэг их хугацаа орохгүй юм билээ. Тэгэхээр одоо хамгийн гол гарц бол нефтийн үйлдвэр байгуулах ажил. Зүүн бүсийг шатахуунаар хангах нефтийн үйлдвэр байгуулах асуудал сүүлийн үед нэлээд эрчимтэй яригдаж байна. Асуудал хэлэлцээрийн шатанд байгаа гэнэ. 51 хувийн төрийн өмчийн оролцоотой компани байгуулна гэсэн чиг гараад буй.

Хэрвээ энэ асуудал шийдлээ олчихвол зүүн бүсүүд шатахуунаар хангагдчихна гэсэн үг. Өмнө нь нефть боловсруулах үйлдвэрийн талаар ярих бүрд хөрөнгө мөнгөний асуудал хамгийн гол бэрхшээл байна гэсэн шалтгаан сонсогддог байсан. Энэ удаа харин тийм асуудал яригдахгүй шинжтэй. Санхүүгийн хувьд боломж бололцоо байгаа гэсэн хариуг салбарынх нь сайд өгч байна. Газрын тосны газарт нефть боловсруулах үйлдвэр барих 20 орчим төсөл ирсэн байгаа гэнэ.

Эдгээрээс гурав дөрвөн төсөл нь боломжийн гэсэн үнэлгээг аваад байгаа гэсэн. Газрын тосны газар дотооддоо нефть боловсруулах үйлдвэр барих зөвшөөрөл авах саналыг Засгийн газарт хүргүүлээд байгаа. Монгол улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ өдөрт дунджаар 1100 тонн гэсэн статистик бий. Гэхдээ энэ тоо жил ирэх бүр өсөх нь тодорхой. Уул уурхай гээд ярихаар л эрэлт өсөх нь ойлгомжтой байгаа.

Шатахууны бага оврын үйлдвэр барихад 45 орчим сая ам.доллар шаардлагатай гэнэ. Засгийн газарт Дорнодод газрын тос боловсруулах үйлдвэр барих санал хүрээд байна. Дархан-Уул аймагт Газрын тосны боловсруулах үйлдвэр барих талаар ч яригдаж байгаа. Хэрвээ Газрын тосны газраас санал болгож байгаа 45 сая долларын төсөл батлагдчихвал манай улсын хэрэглээний гуравны нэгийг хангана гэсэн тооцоог албаныхан хийжээ.

Тэгэхээр цаг алдалгүй зайлшгүй хийх учиртай асуудал бол үйлдвэр барих. Засгийн газраас энэ талаар тодорхой шийдвэр удахгүй гарах биз ээ.

Б.Энххүслэн


URL:

Сэтгэгдэл бичих