Иргэдээс газрыг нь хямдхан булаасан компаниуд барилгаа барихгүй байгаа нь хачирхалтай
Э.Бат-Үүл хотын дарга болоогүй байхдаа буюу 2012 онд нийслэлийн иргэдэд явуулсан нэгэн өмчтэй байх ёстой. Хашааны газрыг чинь 300 сая төгрөгөөр үнэлсэн ч гэсэн газраа битгий өгөөрэй” хэмээн гэр хорооллынхныг хошгоруулсан байсан билээ. Гэвч тэрбээр хотын дарга болж түүнээс хойш хот дахин төлөвлөлт явагдаж, гэр хорооллын газруудыг хүчээр чөлөөлөх болсноос хойш нэг хашааны газраа 300 сая төгрөгөөр байтугай 100 сая төгрөгөөр үнэлээд өгсөн хүн ч ховор байна. Сүүлдээ хотын захиргаа барилгын компаниудад иргэдтэй үнэ тохиролцох эрхийг нь өгснөөр тэд газраа чөлөөлөхөөс цааргалсан иргэдийн гэрэл цахилгааныг дур мэдэн тасалж, харанхуй болгож орхидог болжээ. Энэ бол иргэдийн эрх ашгийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал юм. Дийлэнх барилгын компани нэг метр квадрат газрыг 100 мянган төгрөгөөр үнэлж “Зөвхөн газрыг чинь л ингэж үнэлж авна. Дээр нь барьсан хашаа байшин, үл хөдлөх хөрөнгөний чинь мөнгийг бид төлөхгүй. Хүсвэл та бүхэн тэдгээрийгээ буулгаж аваад өөр газар зөөж аваач” гэж хэлдэг болсон ажээ. Гэр хорооллын олон айл ийнхүү барилгын компаниудын бүдүүлэг дарамт хавчлагад өртөн гэрэл цахилгаанаа таслуулж, ус авах худаггүй хүртэл болоод эхэлмэгцээ арга буюу нэг өрөө байрны гэрээ хийгээд газраа чөлөөлөн нүүцгээдэг болсон байна. Хоёр жилийн өмнөөс өнөөг хүртэл ийнхүү газраа чөлөөлж байрны гэрээ хийсэн олон арван айл өрх өнөөдөр нэг бол ах дүү, хамаатан садныхаа гэр байшинд эсвэл түрээсийн байруудаар өрөө хөлслөн хоног өдрийг өнгөрөөж байгаа юмсанж. Гэвч өнөөдрийг хүртэл мөнөөх гэрээ хийсэн барилгын компаниуд нь гэрээнийхээ дагуу ашиглалтанд оруулсан барилга нэг ч байхгүй. Харин ч эдийн засгийн хямрал, барилгын материалын үнийн өсөлт гэх мэтийн шалтаг тоочин энд тэнд бул хар чулуу шиг дутуу барьсан барилгууд орхиод таг чиг болсон байна. Сүг зургаа сүүмэлзүүлэн байгаа барилгуудын зүг орон байртай болохыг хүссэн олон хүн өдөр шөнөгүй ширтэж, хэзээ баригдаж дуусахыг нь бурхан тэнгэр л мэдэх байх даа гэсэн байдалтай явж байгаа юмсанжээ. Энэ хэвээрээ байсаар барилгын компаниуд болон нийслэлийн удирдлага эдийн засгийн хямрал руу хамаг буруугаа чихчихвэл нэг өрөө байрны гэрээ хийгээд амьдарч суусан хашаа байшингаа орхиод нүүсэн олон арван айл өрх хохирч мэдэхээр байгаа юм. Мөн ингэсээр байтал 2016 онтой золгож тэр үед засгийн эрх өөр намд шилжээд нөгөө нам нь өмнөх засгийнхаа тарьсан хэргийг үүрэхгүй хэмээн өөрсдөөсөө зайлуулж “Хашаа байшингийн газрын хэрэг” гэсэн нэртэй шинэ луйвар гарч ирж ч магадгүй юм. “Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хэрэг” гэдэг шиг л. За яахав барилгын компаниуд яаж ийгээд гэрээгээ биелүүлж барилгаа босгосон нэр зүүсэн ч “Богд-Ар” хороолол шиг оромдсон муухан барилга босгочихоод хаяад алга болчихвол нэгэн насны өмч хөрөнгөө найдаад сольчихсон айл өрхүүд дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдгийн үлгэр болох нигур ч буй. Уг нь ард иргэдээс газрыг нь авахдаа гомдохооргүй үнэ хөлс өгөөд газрыг нь авчихсан бол тэд сүүлд нь араас нь хөөцөлдөж явахгүй, барилга байшин баригдсан ч бай, баригдаагүй ч бай нэг их сүр дуулиан болголгүй өнгөрөх байсан билээ. Гэтэл тэгэлгүй томоохон хашааны газрыг хоёр өрөө байрны үнээр багашаархан газрыг нэг өрөө байрны үнээр гэрээлж авсан барилгын компаниуд өнөөг хүртэл нэг ч барилга ашиглалтанд оруулсан юмгүй санхүүгийн хямралаар түрий барин зүв зүгээр сууж байгаа нь хэдэн жилийн дараа энэ талаар бөөн дажин үүсгэх вий гэсэн бодлыг төрүүлж байна.
Б.Мөсөн
agshin.mn
URL:













