Улаан номонд орсон “Шивэр гүлмэр”
Монголын улаан номонд орсон Сибирийн шивэр гүлмэр хэмээх хоёр нутагтан мөлхөгч амьтан Тэсийн гол орчимоос олджээ. Шивэр гүлмэр буюу Сибирийн гүлмэрийг латинаар Hynobius keyserlingii, хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлтэй хоёр нутагтны баг, гүлмэрийн овогт багтана. Шивэр гүлмэр нь хоёр нутагтны бүлэг дотор хамгийн өргөн тархалттайд тооцогддог ажээ.
Тэрээр дэлхийн хэмжээнд 12 сая м2 нутагт тархсан бөгөөд ОХУ, Казахстан, Хятад, Монгол, БНАСАУ, Японы нутаг дэвсгэрт амьдардаг. Манай орны умард нутгийн ой тайга, ойт хээрийн бүсийн ус, гол, мөрний ойр намгархаг газар зонхилон амьдардаг ажээ. Шивэр гүлмэр нь шөнийн амьдралтай амьтан учир өдөр хад чулуу, унасан дархины доогуур бүгдэг ажээ.

Умард мөсөн далайн ай савын Сэлэнгэ, Орхон Туул, тэдгээрийн цутгалууд, Хэнтий нуруунаас эх авч буй Онон түүний цутгал, Хэрлэнгийн эх, Хангайн нуруунаас эх авч Их Нуруудын хотгорын Увс нуурт цутгадаг Тэсийн голын сав, Хөвсгөл нуурын зүүн өмнөд эрэг, Орхон голын адаг, Шаамар, Улаанбаатар орчим Баянзүрхийн ар, Дархадын хотгор, Эгийн голын адаг, Бага Хэнтийн нурууны Богдын гол зэрэг газраас тэмдэглэгдсэн. Монголд далайн түвшинээс дээш 600-2200м-ийн өндөрт тохиолдох бөгөөд энэ зүйлийн тархац манай орны 202,083 км2 талбайг эзэлдэг. Баянзүрхийн арын багахан талбай дахь гүлмэрийн тархалтыг хамгаалах, алж устгахыг хориглосон байдаг тухай Үндэстний нэвтэрхий тольд дурджээ.
URL:





