Усархаг, дуу цахилгаантай бороо үргэлжилнэ
Энэ жилийн хамгийн богино шөнө хамгийн урт өдөр өнөө шөнө тохионо. Нар буцах үеэр цаг агаарын ч янз бүрийн үзэгдэл явагддаг гэсэн хууч яриа ч байдаг.үүнийг балтах гэсэн шиг өчигдрөөс эхлэн нийт нутгаар усархан бороо үргэлжлэн орлоо.
Өчигдөр 15.00 цагаас эхлэн орсон борооны үеэр нийслэлд ямар байдал үүсгээд байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын шадар ахмад Д.Эрдэнэбатаас лавлахад “18.00 цагийн байдлаар усанд автлаа гэсэн нийт дөрвөн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргүүдийн онцгой байдлын хэлтсүүд арга хэмжээ авч ажиллаж байна” гэв. Түүнчлэн дүүргүүдийн үерийн далан шуудуу усаар дүүрсэн байдалтай байна гэсэн мэдээлэл дүүргүүдийн онцгой байдлын хэлтсүүд өгчээ. Ирсэн дөрвөн дуудлагаас хүнсний 20 дэлгүүрийн урд байрлах явган хүний нүхэн гарц руу ус орсон гэсэн дуудлагаас бусад нь айлын гэр усанд автлаа гэсэн дуудлагууд байжээ.
Тухайлбал 18:00 цагийн үед Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо цагдаагийн 805 дугаар ангийн ард байдаг айлын гэр, Эрэл дунд сургуулийн урд байрлах гэр усанд автлаа гэсэн дуудлага ирсэн байна. Энэ сарыг дуустал өдөртөө түр зуурын усархаг, дуу цахилгаантай бороотой байх төлөвтэй байгаа тул ард иргэдийг үер усны аюулаас сэргийлж, анхааралтай байхыг Нийслэлийн онцгой байдлыг газраас анхаарууллаа.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL:













