Дэлхийн хамгийн сонирхолтой баярууд цуврал
Испаничуудын бухтай тулалддаг тэмцээн, Мексикийн нас барагсдын дурсгалын хүндэтгэх өдөр, Тайландад болдог усаар байлдах баяр гээд дэлхийн олон оронд сонирхолтой баярууд болж байдаг. Тэгвэл энэхүү хамгийн сонирхолтой баяруудыг нь цувралаар хүргэж байна.
Холи фестиваль буюу Хиндийн шашинтны будгийн баяр
Холи фестиваль бол Хиндийн шашинтнуудын хувьд шашны чухал баяр наадмуудын нэг юм. Энэхүү баяр анх Бенгалийн бүс нутагт үүсч, улмаар хиндийн шашинтнууд ихээр суурьшсан газруудад өргөн дэлгэр тэмдэглэх болжээ. Баярын гол үйл ажиллагаа өвлийн хамгийн сүүлчийн бүтэн сар гарах өдөр болох бөгөөд энэ нь Григорын тооллоор ихэвчлэн хоёрдугаар сарын сүүлч эсвэл гуравдугаар сард тохиодог байна.
Энэхүү баярыг өөрөөр будгийн баяр хэмээн нэрлэдэг. Учир нь баярт оролцогчид хотынхоо гудамжинд цугларч бие бие рүүгээ нунтаг будаг болон ус цацаж тэмдэглэцгээдэг. Нунтаг будаг нь энэтхэгийн Аюрведа хэмээн эртний анагаах ухааны уламжлалт хүчин зүйл байсан бөгөөд ургамлаас гарган авдаг байжээ. Хиндийн шашинтнууд хаврын улирлыг өвөл дуусч, баян дэлгэр цаг ирлээ хэмээн үздэг байжээ. Иймээс будаг цацахаас гадна галын наадам хийж баяраа тэмдэглэдэг байна. Баярын хамгийн чухал зүйл бол энэ өдөр Энэтхэгийн бүх давхаргынхан эрх тэгш болж, кастын систем үйлчилдэггүй явдал юм.

Сүүлийн жилүүдэд будгийн баярын үеэр байгалийн бус химийн гаралтай будаг хэрэглэх болж, энэ нь арьсанд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар шүүмжлэл ихээр гарах болжээ. Мөн олон газар зэрэг галын наадам хийснээс болж ой мод сүйдэж байгаа тухай шүүмжлэл ч их байдаг. Гэсэн ч Холи буюу будгийн баяр улам бүр хүрээгээ тэлж, Энэтхэг, Балбын ихэнх хэсэг, Бангладеш, Пакистаны Хиндийн шашинтай хэсэгт, мөн Малайз, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс орнуудын хиндийн шашинтнууд суурьшсэн нутгуудад тэмдэглэсээр байна. Ингэхдээ улс орон бүр энэ баярыг дуулж, бүжиглэн өөрсдийн хувилбараар тэмдэглэдэг ч гол арга хэмжээ нь ерөнхийдөө адилхан байдаг.
URL:













