УИХ “гацав”
Ардчилсан нам завсарлага авлаа-
УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авах шийдвэрээ дөнгөж сая хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр хэлэхдээ “манай нам сонгуулийг илүү шударга болоосой гэж үзэж пропорцианаль тогтолцоог дэмжиж байна. Энэ бол цэвэр үзэл бодлын өрсөлдөөн байж чадна гэж бид үзэж байгаа. Түүнээс гадна пропорцианаль тогтолцоог түлхүү дэмжсэнээр сонгуульд зарцуулагддаг олон тэрбум төгрөг хэмнэгдэх учиртай” гэлээ.
Тус бүлгийн дарга Ч.Сайханбилэг хэлэхдээ “бид хоёр тийш ээ харж суухын тулд хоёр тийшээ харсан зүйл хийгээгүй. Сонгууль үнэн зөв шударга болоосой гэж энэ шийдвэрийг гаргасан” гэлээ.
УИХ-ын хаврын нэгдсэн чуулган хуваарь ёсоор ирэх сарын 1-нд өндөрлөх ёстой. Гэвч намын бүлгүүд УИХ-ын сонгуулийн тухай хуульд үзэл бодол нийлэхгүй байгаа учир ийнхүү чуулганы завсарлах хугацаа хойшилж ч магадгүй боллоо.
Монгол Ардын намын бүлгийн тухайд тэд сонгуулийн системд мажиротар буюу хуучин тогтолцоог дийлэнх байхыг дэмжиж байгаа. Тэд холимог системийг 52:24, 50:26-ийн аль нь ч байлаа гэсэн мажоритар давамгайлах ёстой гэж үзэж байна.
Ийнхүү намын бүлгүүд УИХ-ын сонгуулийн тогтолцоог холимог байх байр суурь дээр нэгдсэн ч чухам мажиротар, пропорцианалийн харьцаа хэд байх вэ гэдэг шийдвэр дээр гацлаа.
Уншигч та бүхэнд дахин мэдээлэхэд, мажиротар систем нь бидний өмнөх сонгуулийн туршлагад ашиглаж байсанчлан, тухайн намаас дэвшсэн нэр дэвшигчийг буюу хүнийг сонгодог тогтолцоо бол пропорцианаль нь намуудын үзэл баримтлал, нэгдсэн мөрийн хөтөлбөр дээр нь үндэслэн намыг нь сонгон улмаар нам нь авсан суудлынхаа дагуу өөрсдийн гишүүдээ томилдог систем билээ.
Манай улсад одоогоор дан мажиротар тогтолцоогоор сонгогдсон УИХ-ын гишүүд ажиллаж байгаа нь хувь хүний тоглолт түлхүү хийгддэг, нэг хүн өөрийн сонгуулийн тойргоо эзэмшдэг гэсэн шүүмжлэлүүд их байдаг учир хууль тогтоогчид ийнхүү холимог хувилбар дээр санал нэгдээд байгаа.
Ч.Болор
URL:













