Үүрээ олж засаагүй “Гудамж” төсөл
“Чингис” бондын санхүүжилтээс хамгийн их хэмжээний мөнгө залгисан төслүүдийн нэг бол “Гудамж” төсөл яах аргагүй мөн. Уг нь энэ төслийг хэрэгжүүлэх гэж олон улсын зах зээл дээр их хааны нэрээр бонд босгоогүй. Хэрэв үнэнээ хэлсэн, тодруулбал “Гудамж” төслийг хэрэгжүүлж авто замын сүлжээний уулзваруудыг шинэчлэн засах, шинэ зам, гудамжийг бий болгож, авто замын сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх гэсэн юм гэсэн бол дэлхийн нэр хүндтэй банкууд “Чингис” бондыг худалдаж авах ч үгүй байсан.
“Шинэ төмөр зам” төсөлтэй дүйцэхүйц хөрөнгө зарцуулан энэ төслийг хэрэгжүүлэх ямар шаардлага байсан нь улам тодорхой болсоор байна. Уг нь Зам тээврийн яаманд ч, Нийслэлийн автозамын газарт ч бодлого, чиглэлийг нь хариуцсан тодорхой бүтэц, төсөв байсаар байтал заавал Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдэл дор “Гудамж” төслийг байгуулж өгөөд асар өндөр хүүтэй мөнгөөр “угжаад” байгаа нь сонирхолтой биш гэж үү.
Нийслэлийн автозамын газар үүх түүхийг нь ярьвал бараг 90-ээд жилийн түүхтэй. Ардчиллаас хойшхи он жилүүдэд ч өнөөдрийг хүртэл олон түмний өмнө ажлаа нээлттэй тайлагнаж, хуулийн дагуу хэнээр, хэзээ, яаж, ямар өртгөөр зам тавиулахаа мэдээлсээр ирсэн. Гэтэл үүнтэй зэрэгцүүлэн, илүү эрх мэдэлтэй “Гудамж” төслийг байгуулж хоосон дүр зураг эсгэсэн мэдээллээр бөмбөгдөн “сумаа тавьж нумаа нуусаар” ирсний цаана ашиг сонирхлын маш явцуу хэрнээ асар том ашиг орлого буй гэдэг нь ойлгомжтой болоод ирлээ.
Тиймээс ч АТГ-аас ЭЗХЯ-ны төсөв захиран зарцуулагч болох Төрийн нарийн бичгийн даргын өрөөнд чагнах төхөөрөмж тавьсан нь “нүдээ олсон” ажил мөн байв. Харамсалтай нь Ерөнхий сайд энэ мэдээллийг авмагцаа давчдан цухалдаж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр зарлаж орхисон нь олон нийтийн дунд айдас хүйдэс төрүүлж, Засгийн газрыг ажил хийлгэхгүй тагнаж чагнаад байна гэсэн ташаа ойлголт өгөхөөр яаран “маневр” хийсэн явдал болов.
Гэтэл өнөөх нийслэлийн автозамын ачааллыг бууруулахад чиглэсэн “Гудамж” төсөл нь хаа байсан Увс аймгийн Улаангомд замын уулзвар барих ажил хийж ч байх шиг. Тэртэй тэргүй нийслэлийнхээ замыг засаж дийлэхгүй байгаа хэрнээ яах гэж ийм зусар төлөвлөгөөтэй ажиллах болов. Ерөнхий сайдын төрсөн нутаг учраас “Гудамж” төслийн, тодруулбал Чингис бондын өндөр хүүтэй мөнгөөр уулзвартай болгож замыг нь засаж өгч байгаа хэрэг үү.
Өнгөрсөн жил Өргөө, Дарь-Эх, Гэмтлийн эмнэлэг, Гурвалжингийн гүүр гээд нэлээд хэдэн газарт дөрвөн замын уулзвартай болсныг бид мэдэж байгаа. “Гудамж” төслийн санхүүжилтээр барьсан эдгээр замууд түгжрэлийг тодорхой хувиар бууруулж, иргэд ч тааламжтай хүлээж авсан. Гэвч энэ оноос “Гудамж” төслөөс нийслэлийн замд нэг ч төгрөг өгөхгүй гэдгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлээд байгаа бөгөөд өөрийн төрсөн нутаг Архангай, Ерөнхий сайдын төрсөн нутаг Увс аймагт хөрөнгө оруулалт хийгээд байгаа нь шүүмжлүүлэх болсон.
Тэгэхээр “Гудамж” төсөл Засгийн газрын баталгаатай Чингис бондын мөнгөөр санхүүжихийн зэрэгцээ хамгийн нөлөө бүхий сайд нарт хүртээхээр зориуд санаачилсан “Мөнгө угаах машин” байсан юм биш үү. Сонгон шалгаруулалт зарлан дүр эсгэх хэдий ч түүнд оролцогч хувийн хэвшлийнхэн үр дүнд нь сэтгэл дундуур хоцордогийн шалтгаан ч үүнтэй холбоотой биз. Харин одоо “Гудамж” төслийн нэгжийн захирал Б.Батболд 93 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-т шалгуулж байгаа нь ч ЭЗХЯ, Засгийн газрын хэт нөлөөн дор үйл ажиллагаа явуулж байсантай нь хамааралтай болж таарлаа.
Ямартай ч Эдийн засгийн хөгжлийн яамны мэдэлд зүй бусаар чихэгдэж байгуулагдсан “Гудамж” төсөл, Ерөнхий сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд нарын төрсөн нутгийн замыг засаж тамыг эдэлж яваа Б.Батболд нарын асуудал тун удахгүй тодорхой болох биз ээ. Дахин хэлэхэд АТГ “бай”-гаа зөв онилжээ.
С.Мөрөн

URL:












