Газартай болсон, болоогүй
Улаанбаатар хотын иргэдэд цахимаар газар өмчлүүлж, анх удаагаа явагдсан энэ ажил ам хэл ч дагуулж байна гэж жигтэйхэн.
Бүртгүүлсэн иргэдийн зарим нь газартай болж аз нь шовойсон байхад зарим нь хоосон хоцорч гомдоллосоор. Баярласнаасаа илүү гомдогсод нь их байх шиг. Арга ч үгүй биз. 288440 хүн бүртгүүлснээс 14954 нь л газар өмчлөх эрхтэй болсон хойно.
Гомдогсдын хувьд мэдээж харамсалтай л байгаа. Ядаж байхад ах дүү нараараа аз нь шовойсон хүмүүс олон гарч атаархлыг төрүүлэн, Гён Шиг Мин Гён нэртэнгүүд өмнүүр гишгэсэн нь гомдогсдыг улам бухимдуулж буй. “Монголчууд нь өөрсдөө авч чадахгүй байхад хэчнээн Монголын иргэн болсон ч гэсэн гадны хүнийг сонгоод баихдаа яадаг юм” гэхчлэн Гён Шиг Мин Гёнийг ад үзсэн хүн цөөнгүй байна. Ер нь л цахимаар газар өмчлүүлэх эрх олгож буй энэ ажил шударга болсон эсэхэд эргэлзэж буй иргэд олон байгаа. “Манай ам бүл, ах дүү нарын хориод, гучаад, дөчөөд хүн бүртгүүлсэн. Нэг нь ч сонгогдсонгүй. Юу ч байдаггүй шүү, ядаж нэг нь сонгогдсон бол итгэхсэн” гэж уурсангуй байхад “Манай ам бүл газар хамтран эзэмшсэн шалтгаанаар нэгээс бусад нь бүртгүүлж чадаагүй. Шинэ төрсөн ганц нялх дүүгээ бүртгүүлсэн чинь сонгогдчихож” гэж догдлох нэг нь ч таарах юм. Нээрээ л зарим хэсэг нь ам бүл, ах дүү нараараа азгүйтсэн байхад зарим нэг Чүлтэм Алтанзул, Уртнасан Хонгорзул мэтийн хүмүүс нэг дүүрэгт хоёр газар өмчлөх эрхтэй болчихсон жаргаж байна.
Цогбадрах Хишигдорж, Цогбадрах Шаравдорж, Ягаан Отгонжаргал, Ягаан Болормаа нарын ах дүү азтангуудын нэр ч жагсаалтад ар араасаа дурайж байх нь дэндүү аз нь шовойсон гэр бүл гэж өөрийн эрхгүй атаархахаар.
Энэ мэт азтангууд гомдогсдын уцаарыг төрүүлж, ер нь л цахим бүртгэлийг шударга болоогүй гэдэг таамаг дэвшүүлэхээс өөр аргагүйд хүргэж байх шиг. Тиймээс ч “Эхэлж бүртгүүлсэн иргэдийг сонгочихож, нэг байршилд 90 мянган хүн бүртгүүлнэ гэж тооцоолоогүй хийгдсэн юм байх даа. Эсвэл энэ программ нь 90 мянган хүнээс сонгох биш өмчлүүлэх газрынхаа байрлалыг л тогтоодог байх. Сонгогдсон хүмүүсийн дугаарыг харахад дандаа л 5000 дотор байна” гэхчлэн хардаастай.
Хардах, гомдох, уурлах, баярлах, баясах хүмүүс байхад цаашид иргэддээ газар өмчлүүлэх энэ ажлыг ил тод шуурхай, оновчтой явуулах тал дээр саналаа хэлэх иргэд ч цөөнгүй. “Апбан ёсны бүртгэлтэй хаягийг нь харж байгаад нэг хашаанд дэндүү олуулаа амьдарч байгаа хүмүүст эхлээд газар олгож болдоггүй юм уу. Энэ санамсаргүй сонголт арай дэндүү тоглоом шиг юм байна. Ямар нэг шийдвэрийг бодит байдалд тулгуурлан хийх хэрэгтэй шүү дээ. Сугалаа гэдэг чинь тоглоом. Иргэдээр тоглохоо болиоч ээ” гэсэн
санал үндэслэлтэй л санагдсан.
Одоо дахиад сонгон шалгаруулалт явуулах 47 байршил үлдээд байгаа. Үлдсэн байршлын сонгон шалгаруулалт хийж байгаа аргачлалыг олон нийтэд телевизээр шууд дамжуулан үзүүлбэл хэн хэндээ гомдолгүй амар баймаар санагдлаа.
Иргэдийг гомдолгүй үлдээх өөр ямар арга чарга байна, тэр бүгдийг сүвэгчлээд шударга болж байгаа бол түүнийгээ ил тодоор харуулах, мэдрүүлэх хэрэгтэй юм шиг. Эс тэгвээс цахимаар газар өмчлүүлж буй энэ ажлаас болж тэртэй тэргүй элдэв асуудалд дөрлүүлж буй иргэдээ улам л бухимдуулж, галзуурахад ганц хуруу дутахад хүргэх янзтай.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/
URL:













