Үерт автсан газрууд намаг шалбааг, хогоор дүүрчээ
Усархаг бороо олон хоног үргэлжлэн орсноос айлууд үерт автаж, гудамж зам боогдож гамшиг болох дөхлөө. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна. Гэхдээ айлуудын гэр, эд хөрөнгө урсч багагүй хэмжээний хохирол амссан гэж дуулдаж байна. Баянзүрх дүүрэг хамгийн их дуудлагатай байжээ.
Дүүргийн онцгой байдлын хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилласан юм. Тус дүүргийн 12, 8 дугаар хороонд очиж байдалтай танилцлаа. Чулуун овооны замын урд талд байрлах гэр хорооллын дундуурх гудамжаар дүүрэн ус тогтжээ. Гэхдээ одоо байдал хэвийн болоод байгаа нь энэ аж. Хоёр хоногийн өмнө энд машин хөвөхөөр их устай байж. Айлууд ч хашааныхаа усыг шавхчихсан байв. Нар ч гарч борооны ус газарт шингэжээ. Гэхдээ үерийн усанд айлуудын бохир хальж, гудамжаар нэг намаг шалбааг, элдэв хог овоорсон байв. Үер болох үед байдал ямар байсан талаар иргэд ярихдаа “Өдөржин бороо шивэрч байгаад үдийн алдад усархаг бороо орж айлууд усанд автсан” гэлээ. Айлуудын хашаагаар дүүрэн ус тогтож, гэрийнх нь хаяагаар ус цалгиж байсан байна. Иргэн Батсайхан “Энэ хавьд борооны ус их тогтдог. Гэхдээ сая айхтар зүйл боллоо. Манай хашааны ус өвдөг даваад цалгиж байсан. Хувин саваар шавхаад ч нэмэргүй. Нэлээн хэдэн шуудай элс, шороо авчраад асгаж байж гэртээ орж гарч байсан даа. Байшинтай айлууд ч яахав, гэрт амьдардаг айлууд сүйд болсон. Зарим айлын зурагт эд, хогшил нь хөвж байхыг манай хүү харсан байна лээ” гэв. Онцгой байдлын газар өчигдөр шөнө дунд хүртэл жижүүрт гарч ажиллажээ. 21.00 цагаас хойш усанд автлаа гэсэн дуудлага иргэдээс ирээгүй байна. Гэхдээ тайвшрах эрт байгааг анхааруулж байв. Аюул өнгөрлөө гээд сонор сэрэмжээ алдаж болохгүй юм байна. Учир нь цаг агаарын урьдчилсан мэдээллээр тав хоног түр зуурын бороотой байх гэнэ. Хурц нартай агаар халсан үед хүчтэй усархаг бороо орох тохиолдол өндөр байдаг гэнэ. Тиймээс 30 градус халж байгаа энэ өдрүүдэд дахиад үер бууж болзошгүй юм байна.
ҮЕРИЙН ДАЛАНГ СЭРГЭЭЖЭЭ
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид үерт автсан газруудад очиж тогтсон усыг соруулах, сэтэрсэн үерийн даланг сэргээх, үерийн ус халихаас сэргийлж шинээр далан шуудуу босгох ажлуудыг цаг алдалгүй зохион байгуулжээ. Уржигдар үер устай холбоотой 30 гаруй дуудлага нийслэлийн хэмжээнд иржээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн аюултай бүсэд суурьшсан 2889 айл амьдарч байна. Эдгээрээс 803 нь Баянзүрхэд, 669 нь Сонгинохайрхан, 462 өрх Чингэлтэй дүүрэгт суурьшдаг байна. Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах “Сүнжин гранд” зочид буудлын хойд талд байрлах үерийн далангийн ойр орчмын айл өрх жилийн жилд усанд автдаг байна. Энэ удаад үеийн далан сэтэрч тэр хавийн айлууд бүгд урсах шахсан билээ. Харин онцгойгийнхон далангийн усыг тогтоож сэргээх ажлыг яаралтай зохион байгуулж өчигдөр дууссан байна. Үеийн ус “Нарны зам”-д тулан задгайрч XIII хорооны “Алтан тэвш” амины орон сууцны найман айл, XII хорооны 21 айлын гэр, байшинг усанд автуулсан байна. Үер усны аюул дахин учирч болзошгүй тул хоргодох байр бэлдээд байгаа аж. Баянзүрх дүүргийн 14, 44, 53, 55, “Шавь” цогцолбор сургуулиудын хурлын танхим, спорт заалуудыг чөлөөлж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх бэлтгэлийг урьдчилан хангажээ. Бусад дүүрэгт ч гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эргүүл хяналтын ажлыг зохион байгуулж байгаа аж.
30 ХҮНТЭЙ АВТОБУС ХЭЭР ҮЕРТ БООГДЖЭЭ
Хөдөө орон нутагт ч үер усны аюул нүүрлэж, багагүй хохирол амссан байна. Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Бортолгой” гэдэг газар хоёр голын дунд нутаглаж байгаа нэг айл үерт боогджээ. Гэрт таван хүүхэд, нэг том хүн байгаа аж. Мөн тус сумын нутаг Байдрагийн голын Хөх эрэгийн гарамны ойролцоо Говь-Алтай аймгаас Улаанбаатар руу явж байсан 30 хүнтэй зорчигч тээврийн автобус саатжээ. Үертэй байгаа дээрх газруудад ардаасаа машин очих боломжгүй гацаанд ороод байгаа гэнэ. Тиймээс аврагчид урдаас нь 140 гаруй км газар тойрч очихоор гарцгаасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн Хэнтий аймгийн 13 сумыг хамарсан хүйтэн бороо орж шуурсны улмаас зургаан суманд 11 барилгын дээвэр хуурч, гурван айлын гэр нурсан байна. Хүйтэн бороонд 213 толгой бог мал осгож үхэж, 1400 гаруй толгой бог мал урууджээ.
АРАВ ГАРУЙ АЙМАГТ БЭЛЧЭЭРИЙН ГАРЦ МУУ БАЙНА
Ус, цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр сүүлийн хэд хоногт нийт нутгаар бороо орж бэлчээр, ургамлын гарц сайжирсан байна. Гурван өдөр орсон борооноор Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар төдийлөн нөлөөлөөгүй ч Ховд, Завханы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим нутгийн бэлчээр нэлээд сайжирсан байна. Газар тариалангийн ихэнх нутагт буудай навчлалт-бутлалтын үе шатандаа, төмс цухуйлт-хажуугийн нахиа үүсэх үе шатандаа оржээ. Дорнодын Чойбалсан, Халхголоос бусад газарт ургац сайн байна гэж мэдээллээ.
Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Орхон аймгийн зарим сумдын нутгаар 11-30 мм, их орсон газраа 31-116 мм бороо орсон байна. Бэлчээрийн ургалтын байдал нийт нутгийн 40 орчим хувьд буюу Хөвсгөл, Завхан, Ховд, Сэлэнгийн ихэнх, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нэлээд сумдын нутгаар сайн байгаа аж. Харин Баян-Өлгийн Сагсай, Баяннуур, Улаанхус, Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Эрдэнэ, Архангайн Хашаат, Хангай, Булганы Дашинчилэн, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант, Өвөрхангайн Баянгол, Төвийн Баян-Өнжүүл, Баянцагаан сум зэрэг нийт 10 аймгийн 35 сумдын нутагт бэлчээрийн гарц муу байгаа аж.
ЭНЭ ӨДРҮҮДЭД ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ БҮРЭН ЗОГСЧЭЭ
Үргэлжлэн орсон усархаг борооноос үүдэн нийслэлийн зарим авто зам эхнээсээ хагарч, цөмрөөд эхэлжээ. Зам засварын ажилд ч багагүй саад учруулсан байна. Уг нь ойрын өдрүүдэд нийслэлд хийгдэж буй зам засварын ажил нэлээд эрчимтэй явагдаж байсан. Үүний хүчинд засвартай байсан замууд эхнээсээ нээгдэж байлаа. Гэтэл үргэлжлэн орсон борооноос болж энэ адрүүдэд зам засварын ажил бүрэн зогсчээ. Чийг, устай үед замын ажлыг явуулах боломжгүй болдог байна. Тэгэхээр зам засварын ажил энэ долоо хоногт хийгдсэнгүй. Түүнчлэн гэр хорооллын гудамжинд ихээхэн хэмжээний балчиг, шавар үүсч зарим газартаа машин тэрэг суух, иргэд гэртээ орж чадахгүй байдал ч үүссэн аж.
Түүнээс гадна өчигдрийн байдлаар хэд хэдэн замыг нэмж хаасан байлаа. Тодруулбал, “Нарантуул” худалдааны төвийн өмнөх Нарны зам, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын М.Гандийн нэрэмжит гудамжны замыг хаасан байв. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн арын баруунаас зүүн тийш зорчдог чиглэлийн зам нь хэсэг газраа хагарч, цөмөрсөн учир ийн засвар хийхээр хаажээ. Энэ зам өнгөрсөн мягмар гаригт орсон борооны уснаас болж ашиглах боломжгүй болсон гэнэ. Газар дээрээ байдал ямар байгааг үзэхээр өчигдөр 12.00 цагийн үед тус зам дээр очлоо. 120 мянгатын замаас салж, Төв цэнгэлдэхийн харалдаа хойно ирэх үед уг эвдрэл гарсан байх нь тэр. Зам засварын компанийн ажилчид аль хэдийнэ замыг засварлахаар ирсэн байлаа. Энэ засварын ажлыг “Бэрх зараа” гэх зам засварын компани гүйцэтгэж байгаа юм байна. Төв цэнгэлдэхийн харалдаа хойд талд нь уртаашаа 50 орчим метр, нэлээд гүн нүх бий болсон байв. Энэ нь замыг эргүүлэн засварлахаар цэвэрлээд байгаа нь энэ аж.
Уг зам дөнгөж эвдэрсэн даруйдаа машинтай хүн явахын эцэсгүй болсон байсан гэнэ. Санамсаргүйгээр хэн нэгэн тийшээ машин тэрэгтэй орсон бол ямар нэгэн аваар осол гарах өндөр магадлалтай байсан нь илт харагдав. Тус замыг дагуулаад нэгэн барилгын компани хундамны нүх ухсан байлаа. Хундамны нүхийг цөмөрсөн замтай бараг нийлүүлээд ухжээ. Зам хагарч, цөмрөх болсон шалтгааныг “Бэрх зараа” компанийн ажилчид тайлбарлахдаа барилгын хундамны нүхийг автозамтай хэт ойрхон зайд ухсан нь нөлөөлсөн гэв. Гэхдээ энэ замын засварын ажил удахгүй, маргааш өглөө гэхэд засч янзлаад дуусгана гэж байлаа.
“Нарантуул” худалдааны төв өчигдөр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан түр үүдээ барьжээ. Борооны улмаас үерийн аюул нүүрлэж болзошгүй гэсэн сэрэмжлүүлэг мэдээ хэвлэлээр цацагдсаны дагуу тус захын захиргаа ийм шийдвэр гаргасан байна. Гэхдээ маргаашнаас “Нарантуул” зах ердийн хуваариар ажиллах юм байна. Харин өчигдөр өглөө түр хугацаагаар хаагаад байсан “Нарантуул” захын өмнөх авто зам үдийн 13.00 цагийн үед нээгдсэн юм.
Х.ЦЭНД-АЮУШ
А.БИЛГҮҮН
URL:













