Үйлчилгээ & үнийн эсрэгцэл

-05092014-1409881111-580954795-parkНМХГ-аас Үндэсний соёл амралтын хүрээлэнд 500 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Тодруулбал, ҮСАХ-д  НМХГ-аас өнгөрсөн наймдугаар сард нэгдсэн шалгалт хийсэн байна. Шалгалтаар тоглоомуудыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм баримталж ажилладаггүй зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

Тиймээс ирэх оны хавар паркийг нээхэд дээрх зөрчлийг арилгасан байхыг үүрэгдэж 500 мянган төгрөгөөр торгосон гэдгийг НМХГ-ын дэд дарга М.Баасандорж мэдээлсэн юм.

ҮСАХ-д удаа дараа осол гарах болсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаж, олон нийтийн дунд багагүй шуугиан тарьсны дараа холбогдох албаны хүмүүс шалгалт, хийж дараах зөрчлийг илрүүлсэн нь энэ.

Парк 200 гаруй үндсэн ажилтантай байх шаардлагатай. Гэтэл одоогоор 100 хүрэхгүй үндсэн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна

Тэрбээр “Хүүхдийн парк нийт 80 гаруй тоглоомтой. Тэдгээрийг шалгалтад хамруулахад аюулгүй ажиллагаа, техникийн үзүүлэлт зэрэгт зөрчил бага илэрсэн. Харин хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг баримтлах, хөдөлмөрийн гэрээ байгуулах, тоглоомуудыг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчний хувьд асуудалтай байна. Парк 200 гаруй үндсэн ажилтантай байх шаардлагатай. Гэтэл одоогоор 100 хүрэхгүй үндсэн ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Бусад нь туслах ажилтан. Ажилтнууд тоглоомын зориулалт, горим дүрмийг мэдэхгүйгээс болж алдаа гаргадаг” гэв.

Туслах ажилчдын хувьд ихэнх нь оюутнууд байдаг юм билээ. АНУ зэрэг бусад улс орнуудад ч гэсэн оюутнууд ихэвчлэн парк зэрэг үйлчилгээний байгууллагуудад цагийн ажил хийж, мөнгө олдог тухай телевизийн нэвтрүүлгээр гарч байсан. Тэгэхээр туслах ажилтнууд оюутан залуус байхад буруудах зүйлгүй. Гагцхүү тэднийг дүрэм, журмаа ягштал баримталж, мэргэшүүлэхэд анхаарахад болох юм.

Хамгийн гол асуудал бол ҮСАХ-ийн тоглоомын аюулгүй байдал. Өнгөрөгч зургадугаар сард хүүхдүүдтэйгээ ҮСАХ-нд очиж, тоглох үеэр “Агаарын хөлөг” гэх  тоглоом замдаа гацсан. Хэчнээн хөлөөрөө жийгээд ч урагшлахгүй таг гацчихсан тул яах учраа олохгүй хэсэг сандарсан юмдаг. Ажилтнуудаас нь тусламж авах боломжгүй яг замын дундаа гацсан тул хэсэг бороонд норж, арынхаа хүмүүсээр хүчээр мөргүүлсний эцэст сая нэг юм хөдөлж, хүрэх ёстой газраа хүрч билээ. Бага насны хүүхэд бол гишгүүрт хөл  нь хүрэхгүй доош унах аюултай санагдсан.

Хамгаалалтын бүс нь нэр төдий, яг хүн доош унахдаа тулвал хэзээ мөдгүй тасрах шахсан оосор, бүч хамгаална гэдэг юу л бол. Тоглоомны аюулгүй байдлын асуудлаас зах зухаас нь дурьдахад ийм байна. За тэгээд бусад үйлчилгээний хувьд маш үнэтэй, дээрээс нь эмх цэгцгүй. Наадмын дараа очиж, тоглоход рестораны бие засах газраас өөр 00 олдоогүй юм. Уг нь хэд, хэдэн газарт бие засах газар байгуулсан юм билээ.

Харамсалтай нь бүгд цоожтой, ажиллах боломжгүй гэсэн тайлбарыг хаалгандаа наасан байв. Томчуудын хувьд ч яахав учраа олоод биеэ засчихаж дөнгөнө. Харин 00 хайж, сандарсан хүүхдүүдийн хувьд ил задгай бие засахаас өөр сонголтгүй юм билээ. Үүнээс гадна ҮСАХ-ээс хоол олж иднэ гэдэг туйлын бэрх.

Хамгийн гол асуудал бол ҮСАХ-ийн тоглоомын аюулгүй байдал

Cake cafе, cocktail bar, ундаа, зайрмаг, хөөсөн чихрийн мухлаг, түргэн хоолны ганц хоёр буфедээс өөр зүйл байхгүй. Байгаа ганц рестораных нь хоол хэтэрхий үнэтэй. Тэнд боломжийн үнэтэй, иргэдийн хэрэгцээнд нийцсэн хоол, бусад төрлийн бэлэн хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулж, өрсөлдөөний зарчмаар үйлчилгээ үзүүлэх боломжийг олгох шаардлагатай мэт санагдсан.

Үүнээс гадна ҮСАХ-нд зөвхөн Хасбанкны АТМ буюу бэлэн мөнгөний машин байдаг юм билээ. Уг нь хүмүүсийн хамгийн ихээр үйлчлүүлдэг, иргэд олноороо цугладаг газар ядаж Хаан зэрэг түгээмэл банкны АТМ байрлуулчихад нэг их зүйл шаардахгүй байлгүй.

За тэгээд тэнд дэлгүүрийн үнийг 2-3 дахин нугалсан тоглоомын путик ажиллаж байна. Ингээд бичээд байвал шүүмжлэх зүйл мундахгүй нь. Улсдаа ганцхан байдаг ҮСАХ-ийн удирдлагууд минь үйлчилгээ болон үнэ, тарифаа эргэн нэг харж, иргэдэд арай дөт болгох замыг хайвал яасан юм.

Х.Өнөржаргал

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих