“Шунхлай групп”-ын хариуцлагагүй үйлдлээс болж дөрвөн хүний амь эрсдлээ
Хан-Уул дүүрэгт баригдаж буй “River Stone” хотхоны барилга дээр ажиллаж байсан 17-23 насны гурван залуу амь насаа алдсан хэргийн талаар бид өмнө мэдээлэл хүргэсэн. Барилгын осол болоод хоёр хонож байна. Талийгаачдын нэг нь 17 настай байсан бөгөөд тус компанид ажилд ороод хоёр хонож байсан ч ийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлаагүйгээс болж харамсалтайгаар амиа алдлаа. Талийгаач О нь Их засаг их сургуульд Эдийн засгийн чиглэлээр дөрөвдүгээр дамжаанд суралцдаг байжээ. Тус компанийн зүгээс талийгаачдын ар гэртэй холбогдсон төдийгүй Архангай, Баянхонгор аймгаас нийслэл рүү ирж яваа гэдгийг “S development” компанийн эрсдлийн удирдлага хариуцсан мэргэжилтэн Э.Сүнжидмаа хэлсэн юм.
Харин осол гаргаж хариуцлага алдсан “S development” гэх компани нь “Шунхлай” группын охин компани бөгөөд 2009 оноос Шунхлай Группын харьяа барилга угсралт, шинэчлэлийн төслүүдийг хариуцан ажиллаж байгаа аж.
Бид “Шунхлай” гэх танил нэрийн шатахуун түгээгүүрийн газар хэмээн өнгөц ойлгодог ч уг групп олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.
Тодруулбал “Шунхлай групп” нь үүсэн байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэлх түүхийнхээ эхний хагаст нь үйлчилгээ болон худалдааны салбарт төвлөрч байсан бол сүүлийн хагаст үйлдвэрлэл, дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр анхаарлаа хандуулж барилгын салбарлуу идэвхийлэн орсон байдаг.
Харамсалтай нь дээрх том групп хариуцлаггүйн улмаас ажилчдынхаа амь насаар наадсаар байна. Уншигч та санаж байгаа бол өнгөрөгч сард Төв аймагт байрлах “Шунхлай” шатахуун түгээх газарт ноцтой хүн амины хэрэг гарч 35 настай бүсгүй хорвоог орхисон. Сэжигтэн этгээд одоог хүртэл баригдаагүй байгаа. Талийгаачийн ар гэрийнхнээс болсон явдлыг тодруулахад тус түгээгүүрийн газрын удирдлагуудын хариуцлаггүй байдал, хэт мөнгөний төлөө гэсэн үзлээс болж хоёр үр нь өнчирчихлөө гэж байсан.
Хөдөө хээр байдаг түгээгүүрийн газартаа ээлжний хүн, харуул хамгаалалт, камержуулалт гэх зэргийг хангаагүй тулаа хийлгэн өдөр шөнөгүй ажиллуулснаас алуурчин бүсгүйг тоочиглон амийг нь хөнөөсөн байдаг. Үүнийг Шунхлайнхаас тодруулах гэсэн ч тэд ямар нэг хариулт одоог болтол өгч, ар гэрийнхнээс нь уучлалт ч гуйгаагүй.
Харин хоёр хоногийн өмнө гурван сайхан залуу барилгын ослоор хорвоог орхисон нь дам дамаа явсаар “Шунхлай групп”-ын охин компани болж таарлаа.
Тус орон сууцны барилгыг “S development” ХХК захиалагчаар “Boby construction” компани барьж байсан нь тогтоогдоод байгаа юм.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өгсөн мэдээллээр тус барилгын үйл ажиллагааг өнгөрөгч дөрөвдүгээр сараас зогсоож, цахилгааныг нь таслаад байсан гэсэн. Дөрөвдүгээр сараас эхлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байхад Захиалагч компани, гүйцэтгэгч компаниуд дур мэдэн үйл ажиллагаа явуулж байсан нь залуусыг бурханы оронд одууллаа.Ийн “Шунхлай” группын хариуцлагагүй байдлаас болж дөрвөн хүний амь эрсдлээ, хариуцлага хүлээхүү.
ZINDAA.MN
URL:













