Вангогийн зөгнөл биелэлээ олох уу
ISIL буюу ИСИЛ. Англиар Islamic State of Iraq and Levant гэж олон улсад танигдсан. Энэ нэр сүүлийн хэдэн сар дэлхийн томоохон хэвлэлүүдэд байнга хадаатай байх болсон. Ирак, Левантын лалын улс хэмээх бүлэглэл Сири, Ирак улсын багагүй хэсгийг хяналтандаа авч бослого мөргөлдөөн өдөөж буй. Тэдний бүрэлдэхүүнд Сири, Иракын лалын шашинтнуудаас гадна Туркийн Курд үндэстнүүд хүртэл нэгдсэн томоохон фронт гэж болно. Зорилго нь нийт лалын шашинт улсуудыг нэгтгэсэн хүчин байгуулах аж. Цаашилбал шашин нэгт үндэстнүүдийн ариун дайныг дэлхий даяар хийх. Иракын Багдадад тулж очиход тун ойртсон тэд сар орчмын өмнөөс өөрсдийнхөө нэрийг товчлон Islamic State буюу Лалын улс хэмээсэн юм.
Ингээд Ойрхи-Дорнод, барууны ертөнцөд хоёр томоохон фронт бий боллоо. Цаашид юу болох нь их л эргэлзээтэй байна. Одоогийн байдлаар барууны улсууд зэвсэглэн босох учраа дэлхийн энх тайванд заналхийлэгчдийг нухчин дарах гэж тайлбарлаж байна. Тэд угаасаа лалын Шариатийн хуульд заасан бүх заалтыг хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл хэмээн хэдэнтээ тунхагласан нь бий. Хоёр ертөнцийн ялгаа иймэрхүү байдлаар их бий. Сирийн тухайд бол Башар Аль Ассадын дэглэмийг түлхэн унагахын сацуу Лалын улсыг цохих. Иракт бол Америк болон түүний хамсаатнууд тусгаар улсын бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилго агуулж байгаа гэх.
Тэгвэл цаад учрыг нь өөрөөр харж болох юм. Тухайлбал, шашин нэгтэй ч урсгалаараа хуваагдан алалцдаг арабуудыг ариун дайны нэрээр нэгдэн нэгэн цул болохоос шар хонгор зүстэй барууныхан эмээж буй. Хятад эдийн засгийн бодлогоороо дэлхийг атгандаа оруулахад ойрхон байгаа энэ үед нэгэнт тогтсон нөлөөгөө алдахгүйн тулд барууны их гүрнүүд лалынхны нэгдлийг оройтоогүй дээрээ бутлах сөрөг нэгдэл болох бодолтой нь тийм ч нууц биш. Эхний даваагаа давахад зэрэгцээ саад гарч ирсэн нь Бээжингийн эдийн засгийн хүчирхэг нүүдлийн эсрэг хөдлөхөд хүч сулруулах талтай. Товчхондоо бол алдарт Вангагийн зөгнөснөөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй бүс нутгийг эзлэн түйвээх арабын хавирган сартнуудын нэгдсэн улс Ойрхи-Дорнодод буй болох магадлал өндөр байгаа бол барууны ертөнц нурах нүх энүүхэнд иржээ. Магадгүй л юм.
Хэрэв барууныхан өөрсдийн ашиг сонирхлын төлөө дөрвөн жилийн өмнө Арабын хувьсгалыг ноцоогоогүй бол 20 гаруй жилийн өмнө Аль-Каида гэх бүлэглэлийн эхлэлийг тавиагүй бол бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй бол өнөөдрийн байдал үүсэхгүй ч байсан байж мэдэх л юм.
URL:













