Монголд хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлжээ
Орос болон Хятад гэсэн хоёр их гүрний дунд байх Монголын хувьд хоёр их хөршөөсөө шатахуун болон эрчим хүчний маш их хамааралтай байдаг билээ. Тэгвэл эдгээр хамаарал нь улам бүр өсч, цаашлаад тус орны хувьд тэсрэлт болж байгаа уул уурхайн салбарын хувьд голлох томоохон эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн нь Монголын уул уурхайд хөрөнгөө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төслийг эргэж харахад хүргэж байна гэж өнгөрсөн долоо хоногт Монголд бизнес эрхэлж байгаа гадаадын компаниудын захирлууд ярилцаж байлаа.
Эх газрын хил дагуу хоёр их гүрнээр хаагдсан Монгол улс нь ойрын таван жилийн дотор уул уурхайг түшиглэсэн хотууд болон төмөр зам, автозам барихад зориулан 25 тэрбум ам.долларын хөрөнгө зарахаар найдаж байгаа ч тус улсын шатахуун түлшний импортын 90 хувийг Орос, харин үлдсэн хэсгийг нь нөгөө хөрш нь болох Хятад хариуцдаг ажээ.
Мөн хэдийгээр уудам газар нутагт тархсан суурьшилтай орон боловч жилийн хэрэгцээндээ ердөө л 4 тэрбум киловатт/ цаг эрчим хүч шаардагддаг энэ улс нийт хэрэглээнийхээ дөрвөн хувийг хойд хөрш ОХУ-аас авахаар шугам татсан бөгөөд харин энэ хэрэгцээгээ урд хөршөөсөө авах талаар ярьж эхэлсэн гэнэ. Монголын албаны хүмүүсийн ярьж байгаагаар бол эрчим хүчний хэрэглээ маш хурдан өсч байгаа.
Эрчим хүчний зайлшгүй хэрэглээний энэ хамаарлаас болж тус улс нь гадаад хангамжийн тасалдал болон үнийн өсөлтийн шоконд маш эмзэг орон болж хувирсан бөгөөд “ялангуяа үнийн санал дээрээ тохироогүйгээс болж Украйнд нийлүүлэх байгалийн хийгээ таслах зэргээр авирладаг Орос улстай энэ хамаарал холбогдож байгаа нь уул уурхайн компаниуд эрсдэлийн талаараа үнэлгээ хийж үзэхэд хүргэж байгаа” гэж хууль эрх зүйн чиглэлээр ажилладаг Холман Фенвик Уилльям фирмийн Пол Остин ярьж байна.
Энэхүү нийлүүлэлтийн хамаарлаас үүдсэн эмзэг байдлыг Монголд энэ жил бодитоор амсах болсон бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сараас ОХУ өөрийн нийлүүлдэг газрын тосны бүтээгдэхүүн, дизель түлшээ тасалснаас болж дотоодын зах зээлд нь хомсдол үүсч улмаар үнийг хөөргөдөн, автобусны үнэ хүртэл нэмэгдсэнээс гадна уул уурхайн салбарын үйл ажиллагаанд хохирол учруулсан байна.
Тэгэхдээ энэ тасалдал нь дизель түлш шаардагддаг барилга байгууламж, хөдөө аж ахуй болон уул уурхайн ид бүтээгдэхүүнээ гаргадаг зун цагийн оргил үед нь “оргил хэрэглээг” нь тасалж орхисон байгаа юм. Монголын хэвлэл мэдээллээр мэдээлснийг үзвэл дизель түлшний тасалдал нь Монголын засгийн газраас зарим уул уурхайн хэрэгцээнд шаардлагатай түлшийг нь нийлүүлэхийг түр хориглоход хүргэсэн бөгөөд төмөр замын зарим тээвэрлэлтийг түр хойшлуулж тэр ч байтугай онцгой нөхцөлд хэрэглэх улсын нөөцдөө гар дүрэхэд ч хүргэсэн ажээ.
Одоогоор Оросоос өгөх хангалт хэвийн байдалдаа эргэн орсон аж. Гэхдээ зарим уул уурхайнхан өөрсдийн тээврийн хэрэгслүүдийг Хятадын талаас авсан шатахуунаар “цэнэглэж” амжсан бөгөөд Монголын Засгийн газар мөн л Хятадаас багахан хэмжээний шатахуун авсан нь Оросын нийлүүлж байсан шатахууны үнээс 40 хувь илүү үнэтэй байгаа юм байна. “Энэ ч үнэхээр дизелийн жинхэнэ тасалдал болсон шүү. Нөлөөлөл нь Монгол орны олон салбарыг ялангуяа уул уурхайг хамарч мэдрэгдлээ” гэж Монгол дахь гадаадын фирмүүдийг төлөөлдөг бизнес консулын гүйцэтгэх захирал Жим Дайер хэллээ.
Коммунист систем нуран унаснаас хойш буюу 1990 оноос хойшхи хугацаанд Монгол Улсад шатахууны тасалдал олонтаа тохиож байсан бөгөөд өөрийн гэсэн нефтийн үйлдвэр барьж байгуулах асуудлыг Засгийн газар нь унагаасаар иржээ. Харин ийм үйлдвэр барих хамгийн ойрын төлөв нь 2014 он гэж байгаа бөгөөд нийслэл Улаанбаатараас 200 гаран км зайтай Дархан хотын орчимд барих энэ нефтийн үйлдвэрийг Японы Марубени корпораци, Тоёо инженеринг корпораци болон Монголын өөрийх нь Монгол Сэкиюу компаниуд хамтран байгуулах ажээ.
Харин уул уурхайд хөрөнгө оруулагч компанийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн захирал хэлэхдээ, “ Шатахууны иймэрхүү тасалдал нь төслийн графикт хугацааг эвдэж, уул уурхайн өөрийн өртгийг нь ч нэмэгдэхэд хүргэх болохоор энэ нь эрсдэлтэй бизнес болж байгаа юм. Газрын тосны үйлдвэр барих гэж төлөвлөж байж болно л доо, гэхдээ тэр нь гурван жилийн дараах асуудал. Тэгээд ч барьж байгуулах хугацааг нь хойшлуулна гэдэг энд бол энгийн л үзэгдэл шүү дээ” гэж хэлж байна.
Монголын жилийн хэрэглээ нэг сая тонн л байдаг бөгөөд дизель түлшний хэрэглээ нь 60 хувь болдог ажээ. Монголын Засгийн газар уул уурхайнхны улам бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах үүднээс өмнөд Говийн бүсэд эрчим хүчний шинэ эх үүсвэр барихаар төлөвлөж байгаа бөгөөд алт-зэсний том төсөл хэрэгжиж байгаа Оюутолгойн орчим байхаар тооцоолжээ. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулагчид болох Рио Тинто, Айвенхо Майнз компаниудад эрчим хүч дамжуулах шугамыг Монгол Хятадын хилийн дагуу татан байгуулж Хятадаас эрчим хүч импортлох зөвшөөрлийг өгсөн ажээ.
М.НАСТ
Зохиогчийн эрх “Ардын эрх”
URL:













