Монголын баяжуулсан нүүрсийг европын зах зээлд нийлүүлнэ
Манай улсад уул уурхайн салбар хөгжсөөр чамгүй хугацаа өнгөрсөн ч нүүрсийг дотооддоо баяжуулж, боловсруулах үйлдвэрлэл хараахан явагдаж байгаагүй. Харин Ухаа Худагийн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг Энержи Ресурс компани Монголдоо анх удаа олон улсын түвшний Нүүрс баяжуулах үйлдвэрийг барьж байгуулан, ашиглалтанд оруулаад байгаа билээ.
Тэгвэл энэхүү үйлдвэрийн бүтээгдэхүүний дээж буюу Монголын анхны коксжих нүүрсний баяжмалыг Европын зах зээлд нийлүүлэх туршилтын ачилт энэ зургаадугаар сард амжилттай хийгдсэн байна. Өмнөговиос Чойр хүрч, улмаар ОХУ-ын нутгаар дамжин, Европын орнуудын эцсийн хэрэглэгчдэд хүрэх энэхүү туршилтын ачилт Энержи Ресурс компани болон хүнд үйлдвэрлэл, боловсруулалт ба технологийн чиглэлд Германдаа төдийгүй дэлхийд алдартай Thyssen Krupp-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа юм байна.
Thyssen Krupp нь нийт 200 гаруй мянган ажиллагсадтай, дэлхийн 80 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлд мэргэшсэн, олон улсад нэр хүндтэй компани юм. Ийнхүү салбартаа тэргүүлэгч томоохон группын хэрэгцээнд Монголын баяжуулсан нүүрс нийлүүлэгдсэнээр дотооддоо нэмүү өртөг шингээсэн нүүрсэн бүтээгдэхүүнийг Герман, Польш зэрэг Европын орнуудын эцсийн хэрэглэгчидтэй холбох урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байгаа юм.
Мөн Монголын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн компаниудаас Европын зах зээлд нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн шууд нийлүүлж буй анхны тохиолдол нь энэ болж байгаа юм байна.
Thyssen Кruрр-ийн Захирлуудын зөвлөлийн дарга, ноён Эдвин Айхлерийн хэлснээр энэ удаагийн ачилт дан ганц 2 компанийн хоорондын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, Монгол-Германы бизнес түншлэлийн хөгжилд бас нэгэн шат ахиулсан явдал болж байгаа гэнэ.
Дэд бутэц, төмөр зам, транзит тээвэр гээд шийдвэрлэх ёстой олон чухал асуудал байгаа ч Монгол нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний чанарыг Европын зах зээлд таниулж, боловсруулсан бүтээгдэхүүний үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болсон талаар ч компанийн удирдлагууд онцолж байна.
Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:
-2008 оны зун бид Thyssen Кruрр-тэй анх харилцаж, хамтын ажиллагаа эхлүүлж байлаа. Тэр үед Ухаа Худаг уурхайд олборлолт хараахан эхлээгүй байсан. Тухайн үед дотооддоо баяжуулсан нүүрсийг гадаад зах зээлд гаргах тухай яриа маань төсөөлөл төдий байсан ч бид ярьсныхаа дагуу маш богино хугацаанд төсөөллийг бодит байдал болгож чадсандаа баяртай байна. Өнөөдрийн энэ ачилт монгол нүүрсний чанарыг дэлхийн үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд таниулах чухал алхам болж байгаа онцлогтой юм.
URL:













