Дээд шүүхийн бүртгэл хүчингүй болж мэдэх нь

Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Улсын дээд шүүх хууль тогтоомж зөрчиж, МАХН гэсэн нэрийг Н.Энхбаярт өгснөөр улстөрчдийн дунд бөөн хэрүүлийн алим тарилаа. Улсын их баяр наадам хаяанд тулчихсан энэ үед улс төрийн намуудын дунд үүсээд байгаа нэрийн маргаан цаашид ч үргэлжлэх бололтой. Улс төрөөс  ангид, хараат бус гэгддэг УДШ улс төрийн шийдвэр гаргаж улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн захиалгаар дээрх шийдвэрийг гаргалаа гэж хуульчид үзэж байна. УДШ-ийн шийдвэр улс төрийн намуудын тухай хуулийн 15.6 дахь заалт мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг ноцтой зөрчлөө гэж үзжээ.

Тус хуулийн 16 зүйлийн 1.6 дахь заалтад “хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримтыг үндэс болгож намын шинэ нэрийг баталгаажуулна” гэж заажээ. Хачирхалтай нь МАХН нэрийг албан ёсоор бүртгэж баталгаажуулсан УДШ, намаа бүртгүүлэхийг хүсэгчдийн аль аль нь Улсын Бүртгэлийн газраас дээрх хуулийн этгээдийн нэр давхардсан талаарх лавлагааг аваагүй байна. Тэгэхээр улс төрийн тавцанд мэндлээд байгаа МАХН хууль бусаар байгуулагдсан гэж хуульчид үзжээ.

Улс төрийн намуудын тухай хуулийн 15 –р зүйлийн 6- р зүйлд зааснаар МАН-ын өмчлөлд байх ёстой МАХН гэдэг нэр яг өнөөдрийн байдлаар хэн гэгч этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа нь тун сонирхолтой байгаа бөгөөд цаашид энэ маргаан ямар байдлаар эцэслэх нь ч улс төрчид төдийгүй ард иргэдийн анхаарлын төвд байна. Н.Энхбаярт Улсын дээд шүүхээс өгсөн энэ намын нэрийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газар хүлээн зөвшөөрөхгүй бол Н.Энхбаяр тамга тэмдэггүй хоцорч  хууль бусаар нам байгуулсан хэмээн  2012 оны сонгуульд ч оролцож чадахгүйд хүрч магадгүй прогнозтойгоор монголын улс төр намрын халуун өдрүүдэд цааш үргэлжлэх нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих