Сангийн сайд С.Баярцогтыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгаж эхэлжээ
Зогсолтгүй эргэх хүчний бэлгэдэл “Зоос” банкийг “алдагдалтай ажилласан” гэх нэрийн дор татан буулгаж суурин дээр нь “Төрийн банк” гэсэн хаяг зүүсэн. Гэвч өнөөдрийг хүртэл Монголбанкны энэ үйлдэл юуны учир, яагаад гэсэн асуултад хариулж чадаагүй. Харин Авлигатай тэмцэх газарт “Зоос” банкны дампууралд, улстөрчид хэрхэн хутгалдсан талаар мэдээлэл иржээ. Энэ мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Хэргийн гол буруутан нь Сангийн сайд С.Баярцогт болоод буй гэнэ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан байж болох үндэслэл, сэжүүр тэр мэдээлэл дундаас гарч иржээ. Тэнд дурдагдсан үндэслэлүүдийг энд сөхье. С.Баярцогт банк байгуулах 348 дугаар тогтоол гаргуулж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ тогтоол 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд гарсан байдаг. Учир нь Сангийн сайд С.Баярцогт “Зоос” банкны 25 хувийг эзэмшиж байсан Европын сэргээн босголт банкныхантай сэм хэлэлцээр хийж, Олон улсын валютын сан, Дэлхийн банкны зарим төлөөлөгчидтэй тохиролцсон гэдэг. Энэ тохиролцоог нь нотлох баримтын хуулбар яаманд нь байдаг гэх. Тиймдээ ч “Төрийн банк”-ийг анх Европын сэргээн босголт банкнаас ирсэн удирдлагын багаар удирдуулах гэрээ хийж байжээ. “Зоос” банкинд гадаадын тусламж, зээл орж ирдэг гол банк байсан учир Сангийн сайдын анхаарлыг татжээ. Мөн МАН-ын болон төрийн их хэмжээний хөрөнгө байршиж байсан зэрэг давуу тал “Зоос”-ыг үгүй болгох хүслийг нь оволзуулсан бололтой.
Түүний энэ хууль бус үйлдлийг дэмжсэн хүн нь Ерөнхий сайд С.Батболд гэдгийг ч мэдээлэлд дурдсан байна. Засгийн газрын тогтоолыг Сангийн сайд мэдээж гаргаж чадахгүй нь тодорхой. Харин ийм тогтоол гарсныг тухайн үед Монголбанкны ерөнхийлөгч мэдээгүй байжээ. Тэгээд ч “Зоос” дампуурсан гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгөх үүргийг дээрээс өгсөн учир төв банкныхан ёсчлон гүйцэтгэжээ. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарчихсан юм чинь Монголбанкны ерөнхийлөгч маргааш нь буюу хэвлэлийнхэнд яарч сандран мэдээлэл дамжуулахдаа 650 дугаар тушаал гаргаад амжжээ. Ганц хоногийн зөрүүтэй хоёр тушаал гарах хооронд “Зоос”-т байршуулж байсан мөнгөө МАН-ын гэх тодотголтой хүмүүс аваад явчихсан байж. Хадгаламж эзэмшигч нар мөнгөө татаад авчихсан юм чинь “Зоос” банкны дампуурлыг зарахад ядах зүйл байгаагүй гэнэ. Засгийн газар, Сангийн яамаар халхавчлан ийнхүү зүтгэсээр “Зоос” банкийг үгүй хийж чаджээ. Гэвч яаруу сандруу гаргасан тогтоол араасаа хэл ам дагуулж эхэллээ. Тогтоол хэд хэдэн хууль зөрчин гарсан “но”-г ч хуулийнхан анзаарчээ. Энэ мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан шалгаад эрүүгийн хэрэг үүсгэх эсэхээ шийдэх гэнэ. С.Баярцогтыг үүнээс өөр буруутгах нэг сэжүүр нь Сангийн яамны Төрийн сангийн захирал Н.Пүрэвсүрэн гэнэ. Н.Пүрэвсүрэнг “Зоос” банкинд байршуулж байсан төрийн сангийн мөнгө шамшигдуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хорьж байсан. Төрийн сангийн энэ их мөнгөний урсгалтай С.Баярцогт холбоотой байж болох талтай гэнэ. “Зоос” банкийг дампууруулсан хэрэгт тухайн үеийн удирдлагуудыг нь буруутгаж байсан бол одоо төрийн сайдын нэр хүртэл хавчуулагдаж эхэлсэн нь энэ банкийг дампуурахад улс төрийн хүрээнийхэн гар бие оролцсон гэгддэг яриа үнэний ортой бололтой. Хэрэг цааш хэрхэхийг харах л үлдэж байна. Энд нэг зүйлийг дурдахад “Зоос”-ыг татан буулгаж, төрийн статустай “Төрийн банк”-ийг үүсгэн байгуулагчаар нь Сангийн яамыг томилж байсан билээ. Тэгэхээр эхнээсээ авахуулаад эцсээ хүртэл “Зоос” Сангийн сайдын удирдлаган дор үрэгдэж, “Төрийн банк” өсөн торнисон түүх авлигын шинж чанартай байсан байж болох магадлалууд ч гарч ирсээр байна. Хувийн банкийг төрийн өмчит болгоход дундаас нь зувчуулагдсан хөрөнгө мөнгө их үрэгдсэн тухай ч ярих эх сурвалж бий юм.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ
URL:













