Оюуны чадавхийг Монгол улс оймсноос дор үздэг
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын гран при тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо болов. Тив дэлхийн хэмжээний шилдэг 12 шатарчин оюуны цэц сорьсон энэ удаагийн тэмцээнд манай улсаас ОУХМ шатарчин Т.Батчимэг эх орноо төлөөлөн оролцож, 6 дугаар байрт шалгарчээ. Мөн тэрбээр тэмцээний үеэр эрэгтэйчүүдийн их мастер цолны болзлыг биелүүлэв. Т.Батчимэг тэмцээний 11 өргөөс гурван хожил, долоон тэнцээ, нэг хожигдол авсан юм. Зургадугаар байр бол манай улсын хувьд чамлахааргүй амжилт. Гэвч спортын бусад төрлүүдээ бодвол шатрын спорт нь соц үеэсээ л гадуурхагдаж, “дагавар хүүхэд” шиг явсаар өдий хүрчээ. Сүүлийн үед манайхан бөх, бокс, жудо, буудлага гэх мэт биеийн хүчний спортод илүү анхаарал тавьж, оюуны спортыг дэмжихээ бүр больсон. Дэмжиж тэтгэвэл оюуны спортоор манайхан дэлхийд хошуучилж чадна гэдгийг гадныхан ярьдаг юм билээ.
Монголын эмэгтэй шатарчдаас ОУХМ Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг хоёр тив дэлхийн тэмцээнд оролцож чамгүй амжилт үзүүлдэг. Дэлхийн 200 гаруй орны шилдэг шатарчдаас тэр хоёр багаараа 3 дугаар байрт шалгарч байсан удаатай. Гарт баригдах, нүдэнд үзэгдэх амжилтыг манай шатарчин Т.Батчимэг үзүүлж эхлээд байхад монголын төр цаашлаад гар нь тэнийж тусалж дэмжих сайн санаат хүн алга. Ганцхан жишээ дурьдахад, дэлхийн шилдэг 12 шатарчны нэг Т.Батчимэгийн гэр бүлийнхэн бүгд шатарчин хүмүүс. Түүний аав нь УИХ-ын гишүүн асан Н.Түвшинтөгс бөгөөд дүү Н.Төмөрхуяг Н.Төвсанаа, Н.Төрбөт, Н.Тунгалаг нар нь бүгд олон улсын мастер цолтой. Н.Түвшинтөгсийн хүүхдүүд ч бүгд шатрын спортоор цол зэрэг хүртсэн байна. Т.Батцэцэг олон улсын мастер бол Т.Баярцэцэг нь Монголын дэд мастер, Т.Батзориг ОУШХ-ны мастер, мөн Т.Батцэцэгийн хүү Е.Төгстөмөр нь 6 настайдаа Азийн үнэмлэхүй аварга болж байсан гарамгай шатарчид аж.
Ийнхүү нэгэн гэр бүлийнхэн шатрын спортоор дэлхийд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулж явахад улсаас зардлынх нь мөнгөн дээр таван цаас нэмэрлэж байсан уу? Оймс хийж зардаг хүмүүст олон зуун сая төгрөгийн урамшуулал өгдөг Засгийн газар маань оюуны спортыг “нулимдаг” араншинтай. Шатрын спортоор анх хичээллэсэн монгол хүүхдүүд 6-8 настайдаа ази, тивийн тэмцээнд огцом цойлон гарч ирдэг. Америк, япон, хятад, орос хүүхдээс монгол хүүхэд эл спортыг хамгийн хурдан сурдаг аж. Амьдралын эрхээр дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдсэн манай өсвөрийн шатарчид сургуулийн ахлах ангиасаа оюуны спортоо орхихоос өөр замгүй. Төрөөс дэмжихгүй болохоор тэд өөр мэргэжил сонгож шатартаа “Баяртай” гэхээс яахав дээ гэж ахмад шатарчид харуусцгаав.
Б.Мөсөн
agshin.mn
URL:













