Засгийн газар МАК-д томоохон ордоо бэлэглэж, ард түмэн хоосон хоцорлоо
УИХ-ын дэд дарга Л.Цог “Цагаан суварга”-ын асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа албан ёсоор мэдэгдээд байна. УИХ-ын хаврын чуулга хаахаас өмнө “Цагаан суварга”-ын алт, зэсний ордыг стратегийн ордоос гаргах тогтоол гаргасан билээ. “Шударга ёс” бүлгэмээс үүнийг стратегийн ордыг үнэгүйдүүлж, төр засаг мөнгөгүй байгааг далимдуулж ард түмний баялагийг цувчуулж байгаа луйврын шинжтэй ажиллагаа гэж үзэж Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа гэв. “Цагаан суварга” 12 мянган тонн алтны нөөцтэй , ард түмний өмч, “Оюутолгой”-н дараа орох том орд. Гэтэл үүнийг олигархууд буюу МАК авчаад байгааг хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм. “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-д заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байгаа юм.
“ Цагаан суваргын орд Монголын ард түмний баялаг”
“Цагаан суваргын ордын хайгуулыг 60, 70, 80 онд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр хийсэн. 12 мянган тонн алтны нөөцтэй, Оюутолгойн дараа орохоор томоохон орд. Гэтэл өнөөдөр УИХ төрийн мэдлийн ордыг хувийн нэг компанид зүгээр өгөх гэж байгааг ард түмэн ч мөн эсэргүүцэж байгаа.
Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлаас үүдэн төр 350 сая ам.долларын хөрөнгө оруулж 34 хувиа эзэмших боломжгүй гэсэн шалтгаанаар Цагаан суваргын стратегийн орд газрын “Монголын Алт” буюу МАК-д 100 хувь эзэмшүүлэх шийдвэр гаргасан.
Хаврын чуулганы хамгийн сүүлчийн өдөр сунжран хуралдаж байж энэхүү шийдвэрийг гаргасан.
“Цагаан суваргын ордын араас маш олон стратегийн орд газрыг хувьдаа авахаар зэхэж буй сайд, УИХ-ын гишүүд байгаа юм билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн нэгд дэх хэсэгт Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл анги байдаг. Гэтэл үнэн чанартаа хуулиа биелүүлдэггүй улс манайхаас өөр хаана ч байхгүй. Биелүүлж чадахгүй юм бол Үндсэн хуулиар яах юм.
zindaa.mn
URL:





