Ээж шигээ хөгшнийг хулхидсан луйварчин хүүхнүүд
Хан-Уул дүүргийн 16-р хорооны иргэн Долгор хөгшнийг гэртээ ганцаараа сууж байтал хэн нэгэн хүн нохой хуцуулсаар хашааны хаалга нүдсэн байна. Хөгшин маажигнаж очсоор онгойлгож өгвөл хоёр хүүхэн зогсож байв.
Сайн байна уу, эмээ. Бид нэгэн төрийн бус байгууллагаас явж байна. Удахгүй ахмадын баяр болно. Өндөр настай ээжүүдийг бүртгэж явна. Та бүхэнд баяраар манай байгууллага бэлэг өгөх юм. Таны зургийг авах хэрэгтэй байна гэснээр тэд гэрт орсон байна. Долгор эмээ хоёр чихэндээ том алтан сүүжин ээмэгтэй ажээ. Энэ ээмэг тэдний шуналыг хөдөлгөв. Өндөр хүүхэн нь нэгэн үнэмлэх гаргаж үзүүлсэн боловч хараа муутай хөгшин түүнийг гүйлгэж харсан болоод буцаан өгөв.
Манай байгууллагаас өгөх бэлэгт амьдралын төвшин доогуур айл хамрагдаж байгаа юм. Бид бэлэг өгөх хүмүүсийнхээ зургийг авч байгаа. Та ядуу амьдралтай харагдах ёстой тул наад ээмэгнүүдээ түр авчих. Би гар утсаараа зургийг чинь авна гээд хөгшний алтан ээмгийг намхан бор хүүхэн нь чихнээс нь мултлан авав. Зураг авах, анкет бүртгэх гэхчлэн хөөрхий хөгшнийг нэг нь хэдэн хором сатааруулж байх хооронд намхан бор хүүхэн “Бие засаад ирье” гээд тэр чигээрээ алга болжээ. Өндөр хүүхэн ч хүн ороод ирэх вий гэсэн янзтай байн байн цонхоор харан өндөлзөж байснаа,
Дэнсмаа маань хаачив. Аан тийм, дэлгүүр орно гээд байсан юм. Тийм явсан байх. Би араас нь яваад ирье. Энэ анкет эндээ байж байг. Бид хоёр эргэж ирээд авна гэж хэлээд мөн л өнөөх хүүхнийхээ араас гараад сураггүй алга болсон байна.
Удалгүй Долгор хөгшний оюутан ач охин нь ирэхэд эмээ нь чихэндээ ээмэггүй, ширээн дээрээ хуурамч анкеттай сууж байсан гэдэг.
Энэ хооронд хөдөөнөөс нүүж ирсэн айлууд маш олон байдаг бөгөөд луйварчид тэднийг анддаггүй бололтой. Дээрх хоёр луйварчин хүүхэн Долгор эмээ шиг гэртээ ганцаараа байгаа хэд хэдэн хөгшнийг луйвардаж, нэг нь дээрхийн адил сатааруулж, нөгөө нь хулгай хийсэн байх юм. Хөгшчүүд цагдаагийнханд мэдэгдсэн боловч хоёр луйварчин ор мөргүй алга болжээ. Маргааш нь ач охин сонинд гарсан нэгэн сэрэмжлүүлгийг эмээдээ авчран уншиж өгсөн байна. Түүнд “Аливаа баяр, тэр тусмаа цагаан сарын баяр дөхөхөөр ахмад настнуудыг залилдаг хэрэг их гардаг. Хороо хорин, ямар нэгэн байгууллагын нэр барьсан этгээдүүд айлаар явж “Танд одон, медаль олгох гэж байна” хэмээн өндөр настнуудаас мөнгө төгрөг, эд зүйлийг нь залилдаг. Залилагчид “Манай байгууллагаас өндөр настнуудад цагаан сарын идээ, ууц өгөх гэж байгаа. Та зургаа авахуулчих” хэмээн хуурч, зургийг нь авахдаа “Тэр ээмэг, бөгжөө авчих. Манайх чинь тусламжийн байгууллага учраас та ядруу харагдах ёстой” гэж хэлээд гар утсаараа зургийг нь авдаг. Ингээд хэн нэг нь хохирогчийн алт, монетон ээмэг бөгжийг барьж зогсож байгаад “Гараад ирье. Одоохон ороод ирнэ” гээд бултдаг. Ийм хэрэг өмнө нь олонтаа гарч байсан. Түүгээр барахгүй хүүхдүүдэд нь “Танай аав, ээжид өргөмжлөл өгнө” гэж хэлээд хураамж нэрээр багагүй мөнгө авч, олон хүнийг залилж хохирол учруулц байна. Ийм сэжиг бүхий хүмүүсийн тухай холбогдох газарт нь яаралтай мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна”.
agshin.mn
URL:












