Шүүх байгуулах тухай хуулийг Цэц “шүүнэ”
УИХ-аас баталсан зарим хуулийг иргэд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцэд гомдол гаргадаг. Сүүлийн жилүүдэд хууль, шүүхийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан хуулиуд Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тухай гомдол Цэцэд их ирж байгаа бололтой. Өмнө нь Эрүүгийн байцаан шийтгэх, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байгаа тухай гомдлыг Цэц шийдвэрлэж байлаа. Энэ удаа хууль, шүүхийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-нд батлагдсан Шүүх байгуулах тухай хууль Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн Цэцэд гомдол иржээ. Цэцийн гишүүн энэ асуудлыг судалж үзээд маргаан үүсгэж дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Улмаар УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр Д.Лүндээжанцан гишүүн “Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гарвал Шүүх байгуулах тухай хуулийн дагуу хийсэн бүх ажил ямар ч үр дүнгүй болно. Тиймээс Цэцийн дунд суудлын хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч УИХ-ын шийдвэрийг сайн хамгаалах хэрэгтэй. Анх хуулийг батлахад Үндсэн хуультай зөрчилдөхгүй гэж үзсэн. Харин хэрэгжүүлэхэд амьдрал дээр бэрхшээл гарч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэлбэр биш” гэсэн юм. Ц.Оюунбаатар гишүүн “Цэцийн дунд суудлын хуралдаанд өмнө нь хоёр хүн төлөөлөгчөөр томилдог байсан. Үүний дагуу хоёр хүн томилох хэрэгтэй. Ингэж мэтгэлцээнийг тэнцвэржүүлэхгүй бол сүүлийн үед итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралд шүүгдэж байгаа юм шиг сууж байгаад ирдэг болсон. Энэ удаад баталсан хуулиа хамгаалж чадахгүй бол үүнтэй холбоотой маш их маргаан үүснэ. Тухайлбал, хуулийн дагуу байгуулсан шүүх, тухайн шүүхийн гаргасан шийдвэр бүгд цуцлагдах болно” гэв. Мөн тэрээр Х.Тэмүүжин сайдтай хамт Д.Лүндээжанцан гишүүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилох санал гаргасан юм. Гэвч Байнгын хорооноос зөвхөн Х.Тэмүүжин сайдыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томиллоо
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:













