Э.Бат-Үүл: Гадныхан авилгатай тэмцэх чухал санаануудыг хэлсэн

Э.Бат-Үүл“Нээлттэй Улаанбаатар-2014” авлигын эсрэг олон улсын форум манайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй цөөн хором ярилцлаа.

-Уг форумаар авлигын эсрэг“Улаанбаатар тунхаглал”-д гарын үсэг зурж баталгаажуулна гэсэн. Олон улсын төлөөлөл оролцож байгаагийн давуу тал нь юу вэ?

-Монголд авлигагүй ухаалаг засаглалыг хэрэгжүүлэх чиг хандлагыг тогтоохоор уг форумыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын байгууллага, экспертүүдийн тодорхой зөвлөмжүүдийг үндэслээд форумд оролцож байгаа төлөөлөгчдийн санал зөвлөмжид тулгуурлан тодорхой ажлын төлөвлөгөө гаргах юм. Мөн болж өгвөл Улаанбаатарт авлигатай тэмцэх үйл ажиллагааны олон улсын салбар юм уу, төв байгуулах санаатай байгаа. Учир нь манайх авлигаас ангид болохын тулд олон улсын дэмжлэг шаардлагатай.

-Төрийн байгууллагууд шилэн дансанд шилжиж байгаа талаар та цухас дурдсан. Энэ талаараа тодруулна уу?

-Хэвлэлийнхэн нэг зүйлийг анзаарахгүй өнгөрүүлсэн. Энэ форум нэг чухал зүйлийн өмнө болж байгаа юм. Одоо төрийн байгууллагын бүх данс шилэн болно. Шилэн болно гэдэг маань тухайн байгууллагад өнөөдөр хэдэн төгрөг хаанаас орсон, юунд зарлагадаж байгаа нь ил тод болно. Ерөөсөө л шилэн доторх юм яаж харагддаг вэ яг тэгж харагдана гэж ойлгож болно. Тэр ч байтугай, нийслэлийн ЗДТГ-аас зам барихаар худалдан авалт хийсэн компанийн данс хүртэл шилэн болно. Тухайн компанийн дансаар хэний, хаанаас орж ирсэн мөнгө гүйж байна гэдэг нь харагдах юм. Өчигдөр гадны төлөөлөгч илтгэлдээ их чухал санаа хэлсэн. Тэр нь юу гэхээр анхнаасаа сонгууль авлигатай болбол тэр нийгэм авлигаас салдаггүй. Тийм учраас тухайн авлигыг сонгуулийнх нь газар дарж авах ёстой” гэсэн санаа юм л даа. Тэгээд би санаа гаргасан. Уг санааг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Бурмаа хүлээж авсан. Юу гэхээр дараагийн сонгуулиас эхлээд намууд сонгуулийнхаа мөнгийг Сонгуулийн ерөнхий хорооны шилэн дансанд байрлуулна. Тэндээсээ гаргаж сонгуулийн үйл ажиллагаанд гаргаж авдаг систем рүү шилжүүлэх чухал санаанууд гарсан. Өөрөөр хэлбэл, сонгуулийг авлигагүй зохион байгуулж байж нийгэм авлигаас ангид болох юм байна гэсэн санааг бид ойлгох цаг нь болсон.

-Та газрыг ил далд хэлбэрээр өгч, авалцсанаас болоод их хэмжээний мөнгө алдагдсан байна гэж хэлж байсан. Газрын наймааны асуудлыг хэрхэн шийдвэрлэж болохоор байна вэ?

-Газрын маргаантай холбоотойгоор хилийн хязгаарыг тэлэх талаар яриад эхэллээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн шилэн данс биш газрын худалдааг ил тод болгохын тулд мөн журам боловсруулна. Газар олголтыг ил тод харуулах, шинээр олгож байгаа газрууд хэнд олгогдоод, хаашаа хуваарилаад байна гэдгийг байнга мэдээлж байх хэрэгтэй байна. Би ганцхан жишээ хэлмээр байна. Нийслэлд газрыг ил далд өгч авалцсанаас болж, өөрөөр хэлбэл авлигаас болж Улаанбаатар хотын төсөвт орох ёстой их хэмжээний хөрөнгө алдагдсан. Олон улсын экспертүүдийн гаргасан судалгаагаар энэ асуудлаас болж 2012 оны төсвийг 35 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний орлого алдагдсан гэсэн тооцоо гарсан. 2012 оны төсөв 390 тэрбум төгрөг байсан. Үүнийг 35 дахин үржүүлэхээр аманд ч багтахгүй тоо байгаа биз. Хэрэв энэ орлого байсан бол иргэдээ орон сууцжуулах асуудлыг шийдчих байлаа. Улаанбаатар хотод дэд бүтцийн шинэчлэлийг хийгээд бүх инженериин үйлчилгээг хангачих хэмжээний мөнгө байсан. Ийм хэмжээний мөнгийг авлигад алдчихаад сууж байна. Одоо нийслэлчүүдийн 80 хувь нь орон сууцгүй байна.

-Авлигатай тэмцээд байгаа ч дэвшил харагдахгүй байна гэж нийгэм шүүмжилдэг. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ?

-Анзаараад байхад манайхан авлигатай тэмцэх хүсэл зорилготой гэж боддог. Бүгд авлигагүй амьдрах бодолтой байгаа. Магадгүй төрийн алба олон шат дамжлагатай байгаагаас авлига үүсч байгааг үгүйсгэхгүй. Иргэний нийгмийнхэн ч энэ тал дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгэхээр цаашид иргэний нийгмийн зөвлөл байгуулаад хяналт тавиулах тал дээр хамтарч ажиллах нь зөв гэж бодож байна. Тухайлбал, бидэнд авлигатай тэмцэх арга, туршлага дутаж байна. Олон улсын экспертүүд бидний анзаараагүй гоё гаргалгаануудыг гаргаж тавьж байна. Их чухал зүйлүүдийг хэллээ. Авлига бол сүүлийн 10-аад жилд л манайд бий болсон. Түүнээс өмнө “арын хаалгадах” зэрэг бага төвшний авлига байсан байх.

-Улаанбаатар хотын захирагчийн зүгээс авлигыг бууруулах чиглэлээр хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Бид өөрсдийнхөө хүрээнд хийх ёстой зүйлээ хийж байна. Иргэдийн оролцоотойгоор шийдвэр гаргадаг. Чадах чинээгээрээ л авлигатай тэмцэх гэж үзэж байна. Үнэхээр туршлага дутаж байна. Ил тод байна гээд хотын төсвийн зарлагыг цахим сайтад тавихаар иргэд сонирхохгүй байгаа нь их сонин шүү дээ.

-Манайхан багш, эмчид чихрийн цуглуулга, гар цайлгах мөнгө зэргийг байх ёстой юм шиг өгдөг. Олон улсад үүнийг юу гэж үздэг юм бол?

-Энэ нь хязгаартай байдаг юм байна. Бэлгийн эд зүйл нь хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ гэдэгт хязгаар байдаг. Тэгэхээр тэр хязгаараас давахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олон улсын жишгээр 100 ам.доллараас давахгүй байхаар хязгаарласан байдаг. Түүнээс баярлалаа гээд нэг чихэр өгөх явдал гарна л даа. Тэгэхээр бид ийм журмыг гаргана гэж бодож байгаа. Тэгэхгүй бол бэлэг нь ч мэдэгдэхгүй, авлига нь ч тодорхойгүй болчихоод нийгэмд байх л ёстой юм шиг хараад байна шүү дээ. Яг үнэндээ бол эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хүн, сургууль, цэцэрлэгт хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүд үүнийг хэлж байгаа шүү дээ. “Бид хууль ёсны төлбөрөө өгчихөөд байхад дахиад мөнгө нэхээд байна” гэж гомдол мэдүүлдэг. Энэ бол авлигын аюултай үзэгдэл.

 

Б.Цэцэгдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих