Дарханд өргөгч цамхагийн тросс тасарч, бас нэг залуу амиа алдлаа

54103

-УЛААНБААТАРЫН АЮУЛ ОРОН НУТАГТ Ч ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР БАЙНА-

Өчигдөр 13 цагийн үед Дархан-Уул аймагт нэгэн харамсалтай осол гарчээ. “Минж проперти” ХХК-ийн барьж буй “Парк” хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван хүн өргөгч цамхагийн тросс тасарсны улмаас есөн давхараас цамхагтайгаа доош унажээ. Нэг нь газар дээрээ нас барж, үлдсэн хоёр нь тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж эхэлжээ.

“Минж проперти” ХХК-ийн ажиллагсдын хэлж байгаагаар цамхагийн троссыг ойр ойрхон сольдог. Ослын үед тасарсан өргөгч цамхагийн троссыг жил орчмын өмнө сольжээ. Осол гарах үед тус өргөгч цамхагаар хийх ажил дуусч, буулгаж байсан юм байна. Осолд орсон дээрх гурван хүн хоёр ширхэг мод, өргөгчийн гуя болох хоёр ширхэг төмөр баганыг ачин доош буухаар болжээ. Төмөр багануудыг ачих мөчид цамхагийн тросс тасарсан юм билээ гэж ар гэрийнхэн нь ярьсан байна. Тросс тасарсан даруй цамхаг эрчээрээ газарт унажээ.

-ТАЛИЙГААЧ ЗАЛУУ БАЙГУУЛЛАГЫН АВАРГА, ТУРШЛАГАТАЙ ШИЛДЭГ АЖИЛЧИН БАЙЖЭЭ-

Өнөөдрийн байдлаар дээрх барилга дээр ажиллаж байгаад осолд орсон хоёр хүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа талаар орон нутгийн эх суралж мэдээлэв. Эмч нар ч ар гэрийнхэнд нь “Биеийн байдал нь хүнд байна” гэж хэлжээ. Нэг хүнийх нь хувьд нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан учир Дархан-Уул аймгийн эмнэлэгт дөрвөн цаг болсны эцэст Улаанбаатарт гэмтлийн эмнэлэгт шилжүүлэхээр болсон байна. Нөгөө хүний хувьд баруун хөлийн дунд чөмөг, хоёр дал нь хугарсан, нэг гарынх нь шуу бяцарсан байдалтай тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, хагалгаанд оржээ. Биеийн байдал нь хааш эргэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Осолд орсон хоёр залуу хоёулаа Дарханы харъялалтай аж.

Нас барсан залуугийн хувьд 35-40 орчим насны, амьдралын эрхээр хоёр жилийн өмнө Ховд аймгаас Дархан-Уулд ирж, “Минж проперти” ХХК-д ажиллажээ. Тэрээр өнгөрсөн жил байгууллагынхаа аварга болсон бөгөөд ажилчдаасаа туршлагатай, шилдэг ажилчин байжээ. Төрсөн хоёр дүү нь Дарханд байдаг тул болсон явдлыг дуулаад хэргийн газар очсон байна. Харамсалтай нь “Шинжээчийн үзлэг дуусаагүй байна” хэмээн хүлээлгэж байгаад цогцсыг нь харуулалгүй ачаад явсан аж.

Энэхүү харамсалтай ослын дараа ослын газарт холбогдох мэргэжлийн байгууллагынхан болон тухайн барилгын ажлыг явуулж буй компанийн удирдлагууд огт үзэгдээгүй байна.

-ТРОСС НЬ ТАСАРСАН ӨРГӨГЧ ЦАМХАГ 500 КГ-ЫН ДААЦТАЙ-

Ослын талаар өчигдөр тус аймгийн Цагдаагийн газраас тодруулахад “Осол гарсан нь үнэн. Барилгын 10 давхараас гурван хүн унаж, нэг нь газар дээрээ нас барсан. Одоогоор ослын газар дээр цагдаагийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгсөн билээ. Ослын шалтгааныг тодруулах ажиллагаа үргэлжилж байна.

Тросс нь тасарсан өргөгч цамхаг 500 кг-ын даацтай байсан аж. Хамгийн гол нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журмаа баримталж ажилладгүйгээс энэ мэт ослын тохиолдол буурахгүй байгааг салбарынхан анхааруулж буй юм. Зөвхөн Улаанбаатар хотод л барилгын осол гарлаа гэх мэдээлэл цацагддаг гэсэн ойлголт өрөөсгөл, хөдөө орон нутагт ч аюулгүй ажиллагааны дүрэм журмаа мөрддөггүйгээс эрдэнэт хүний амь нас эрсдэж буй мэдээлэл тасардаггүй байна.

Ер нь барилга барьж буй компаниудад Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль хэрэгжихгүйгээс үүсэн гарах эрсдлийг хянаж чадахгүй тохиолдол түгээмэл байдаг. Хуулиндаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг ажил олгогч хариуцахаар заасан. Иймд ямар ч байгууллагын ажил олгогч зайлшгүй анхаарал тавьж ажиллах ёстой юм.

Хяналт тавих үүрэгтэй эрх бүхий байгууллагууд нь хуулиа л дагана, манайд хуулийн заалт бий гэх энэ үгээр халхавч хийдэг. Хуулиар зохицуулж байна гэсээр байтал цөөхөн монголчууд цаг бусаар нөгөө ертөнц рүү илгээгдсээр байна. Цаашид хичнээн хүн өөрийн болоод бусдын хайхрамжгүй, буруутай үйлдлээс болж энэ мэт биднээс одохоос урьдчилан сэргийлж, хяналтаа сайжруулахыг алхам тутам сануулсаар байгаа юм.

54104

54102

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих