“Эбола” вирус буюу нохойн ханиад Монголд орж ирвэл юу болох вэ
Одоогийн байдлаар энэ вирусын халдвар манай улсад бүртгэгдээгүй байгаа ч олон улсын хэмжээнд энэ вирусын халдвар авсан нь тогтоогдсон 7500 хүн байгаагаас гадна уг халдварыг авсан 3500 хүн нас бараад байгаа юм. Нас баралтын хувь хэмжээ өмнө нь тархаж байсан цар тахлуудыг бодвол хамгийн өндөрт тооцогдож, дэлхийн улс орнууд энэхүү тахлаас болгоомжлон сэрэмжилж байна. “Эбола” вирусын хамгийн аймшигтай шинж чанар нь өвчтэй хүнтэй ойртож ажилласан эмнэлгийн ажилтнууд хүртэл уг өвчнийг тусч ихэнх нь амьсгал хураагаад байгаа явдал юм. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт Либерид 310 хүн, Сьерра-Леонд 290 хүн, Гвинейд 195, Нигерид 59 хүн халдвар авснаас тэн хагас нь уг өвчний голомтод ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Эмнэлгийн ажилтнууд уг өвчний вирусыг тээснээ мэдэлгүй эмнэлгээсээ гараад эсвэл тухайн бүс нутагт очоод уг өвчнийг цааш нь халдааж байгаа тохиолдол хамгийн их түгээмэл байна. Хамгийн сүүлд л гэхэд Испанид нэг хүн, АНУ-д нэг эмнэлгийн ажилтан уг өвчний вирусыг тээж очсон нь илрээд байгаа билээ.
Ийнхүү эмч эмнэлгийн ажилтнууд өөрсдөө ч сэргийлж чадалгүй халдвар аваад удалгүй амь насаа алдаж байгаа нь энэхүү өвчний эсрэг ажиллах хүн хүчгүй болгож байгаа юм. Тиймээс НҮБ төдийгүй АНУ тэргүүтэй олон орны ерөнхийлөгч “Эбола” вирусын эрчимтэй тархалт яваандаа манай гаригийг хамарсан өвчний сүлжээ болон хувирч болзошгүй хэмээн сэтгэл зовниж буйгаа мэдэгдсэн билээ. Зарим улс орнууд “Эбола” вирус тархсан улс орнуудын иргэд болон уг газраас дамжиж ирсэн иргэдийг өөрийн орны хил рүү нэвтрүүлэхгүй байх хатуу хориг хүртэл гаргаад байна. Энэ нь аюулыг хол байхад нь сэрэмжлэх арга хэмжээ авч байгаа хэрэг буй за. Манай монголчууд энэ аюулт өвчнийг төдийлөн ойшоохгүй хаа байсан Африкийн Либери, Нигери, Гвинейгээс манай улсад иртэл хаа ч байсан юм бэ хэмээн үл тоомсорлож байгаа тал бий. Гэвч Африк тивийн Өмнөд Судан улсын 1000 орчим цэргийн албан хаагч алба хааж байгааг мартаж болохгүй. Тэднээс аль нэг нь өвчний халдварыг мэдэлгүй тээгээд ирвэл юу болох вэ.
Хөхүүл ханиад дэлгэрэхэд л бүх эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ байн сандарч, өвчтөн эмнэлгийн ажилчид нь холилдоод явж байдаг хүмүүс хажууд нь овоороод хоол идээд сууж байдаг эмх цэгцгүй заваан бохир манай Монголд “Эбола” вирус нэг л ороод ирвэл хэдхэн хоногийн дотор гинжин урвалаар халдвар тархана гэсэн үг. Асар олон хүн нэгэн зэрэг халдвар авах магадлал маш өндөр. Харин энэ үед манай эрүүл мэндийн дампуурсан салбар сүйрлийн цохилтонд орж үг дуугүй гараа өргөөд бууж өгөхөөс өөр аргагүй. Хэрвээ уг вирусын халдвар нэг л ороод ирвэл түүнийг дагалдаад ашиг олох гэсэн увайгүй үйлдлүүд ч гарч мэднэ. 2010 оны гахайн ханиадны үеэр бүр засгийн газраас уриалга гаргаж дархлаа сайжруулах эм бэлдмэл, амны хаалт, аарц, адууны махны гүйлгээг дэмжиж, Н.Алтанхуяг гэх мэтийн зальжин хүмүүс хувийнхаа бизнесийг өөд нь татаад авч байсан шүү дээ. Тэрэн шиг ямаа тэмээний мах, магадгүй аль нэг амьтны баас сайн хэмээн рекламдаж үнийг нь өсгөж борлуулаад туйлдсан ард түмнээ нам сөхрүүлж мэднэ.
Б.Мөсөн
agshin.mn
URL:













