Хоёр толгой, долдугаар сарын 1-ний хэргээр Н.Энхбаяр “пиар”-аа хийнэ
МАХН-ын дарга Н.Энхбаяр популизм амлаж байна. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй отгон намаа ард түмний зүрх сэтгэлд хамгийн ойр №1 улс төрийн хүчин гэдгийг нотлохын тулд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийг ард түмэнд 100 хувь эзэмшүүлж, Оюутолгойн гэрээг засварлана. “Долдугаар сарын 1″-ний (энэ өдрийг эрх нь зөрчигдсөн иргэдээ өмөөрөн хамгаалах өдөр болгоно гэсэн) хэргийн буруутныг олж гэсгээлийн тавцанд аваачна. Санал гээдэггүй, будлиангүй сонгуулийн тогтолцооны төлөө улс төрийн намуудын хэлэлцээрийн ширээнд урьж, Шударга, тунгалаг төрийг байгуулна. Үүнээс хойш, түүнээс цааш нам гэж ямар ёс суртахуунтай, хариуцлагатай байдгийг МАХН харуулах болно гэж Н.Энхбаяр улайхгүй тунхаглав. МАХН-ыг тэрбээр шинэ нам гэдгийг хүлээн зөвшөөрч байна.
Хүслэн болсон намынхаа нэрийг авч дөнгөсөн тэрбээр өөрийн орлогч Ц.Шинэбаяр, Н.Удвал, Ч.Энхээ нарын хамтаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хурлын эхэнд МАХН-аас Монголын намууд, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж гаргасан уриалгыг Н.Удвал уншиж сонсгов.
Тэр нь “МАХН нь шударгаар өрсөлдөж, хариуцлагатай, өндөр ёс суртахуунтай улс төрийн шинэ соёлыг буй болгож хэвшүүлэхийн төлөө, эх орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө улс төрийн бүх хүчин, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Улс төр-бизнесийн бүлэглэлийн нөлөөгөөр Монгол Улс, ард түмний язгуур эрх ашигт хор хохирол учруулсан МАН-АН-гийн хортой үйл ажиллагааг нэн даруй таслан зогсоох нь улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөн, хэвлэл мэдээллийнхний үүрэг мөн” гэсэн агуулгатай юм билээ.
Н.Энхбаярын хэлж буйгаар МАХН нэрийг өгүүлэхгүй гэж МАН байдгаараа хичээсэн, зарим нөхдийг нь мөрдөж, мөшгисөн, тагнаж чагнаж, бүр дарамталж байжээ. Гэсэн ч “үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцдэг” л юм байна гэж экс Ерөнхийлөгч ярив. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд “хариу барьсан уу” гэсэн асуултад дээрхийн адил утгатай үгээр хариулсан юм.
URL:













