Хордсон Хонгор мартагдсан уу
Дархан Уул аймгийн Хонгор суманд дөрвөн жилийн өмнө алт олборлогч хувийн хэвшлүүдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэж хөрсний ихэнх нь цианит натригаар хордсон гэсэн мэдээлэл улс даяар тархсан билээ.
Улмаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус суманд элдэв төрлийн өвчтэй, эрэмдэг хүүхдүүд төрсөн тухай мэдээлэл тарж тэр ч байтугай мал амьтанд халдварласан гэгдэж байв. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Хонгор суманд гамшгийн үнэлгээ гаргаж өгсөн билээ. Үнэлгээний хариу тус сумын хөрс ямар нэгэн бохирдолгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн ч байдал намжаагүй.
Иргэдийн шээснээс шинжилгээ авч дээжлэхэд сорилгод хамрагдсан 109 иргэний дөрвөн хүнээс бусад нь цоо эрүүл гэв. Харин нөгөө дөрвөн хүний шээсэн дэх мөнгөн усны хэмжээ бага гарсан аж. Бага гэдэг нь өнөөх хүний шээснээс шинжилгээ авдаг багажны хамгийн доод үзүүлэлт буюу ямар нэгэн асуудал байгаагүй гэсэн үг.
Гэхдээ ДЭМБ-ын дээрх шинжилгээ үндсэндээ худлаа болохыг сумын оршин суугчид өдийг хүртэл ярьсаар байна. Тус сумын иргэд хоёр ч удаа хэвлэлийн хурал зарлаж, байдал маш хүнд байгаа тухай баримттай мэдэгдэл хийсэн. Тэгэхээр ДЭМБ-ын үнэлгээ худлаа болж таарч байна.
Нутгийн иргэд мэргэжлийн эмч нарт үзүүлэхэд хамуу, тэмбүү гэсэн санаанд оромгүй хариулт өгч байсан билээ. Эцэстээ сумын төвийн эмч ажилтнуудыг ажил үүргээс нь чөлөөлөх хэмжээнд яригдсан. Урьд нь манай улсын хэмжээнд удмын санд нөлөөлөхүйц ийм төрлийн гамшиг тохиож байгаагүйдээ ч юм уу, эсвэл үнэхээр үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөндөө тэгсэн үү ёстой л амтай бүхэн бувтнаж, чихтэй болгон дэлдийж суусан. Тэгэхээс ч аргагүй юм. Сумын хэмжээнд хэд хэдэн малчин өрхийн хашаанд шалдан тугал, хоёр толгойтой хурга төллөж малчин ардын эрүүл энх амьдрахад нь саад болсон. Гэхдээ 2008 оны сонгуулийн дараа Хонгор бага багаар мартагдсаар. Хэрэг хуучирдаггүй гэдэг шиг Хонгорыг яг хэдий хэр хэмжээгээр, хэрхэн, хэзээ хордуулсны хариуг олсон хүн байна уу. Тэгэхээр манай мэргэжлийн хяналт гэж авах юм алга.
Гамшгийн эсрэг үндэсний төв, аюулаас хамгаалах, онцгой байдал энээ тэрээ бүгд ялгаагүй. Одоо Хонгор сум яг хэдий хэмжээгээр хордсоныг мэргэжлийн байгууллага тогтоож чадаагүй л байна. Үнэн хэрэгтээ мөнгөн усанд хордсон иргэд, шалдан тугал, хоёр хөлтэй гахай зэрэг бодит байдал дээр байсаар байна.
Хүн бүхэн асуудлыг ерөнхийдөө мартсан. Иргэд эрүүл мэндээрээ хохирч, малчид хэдэн малаа үхүүлчихээд байхад Засгийн газар Хонгор сумын асуудлыг даамжруулсаар эцэст нь сураг алдарлаа. Ердөө манай чанарын стандарт тогтоох систем ийм түвшинд байдаг хэрэг үү.
Тухайн үед сонгуулийн өмнөх жил байсан болоод ч тэр үү дээр дооргүй шуугилдаж, Хонгор сум ёстой л Чернобилын станцад болсон осолтой эн зэрэгцээд ирсэнсэн. Зэрэгцүүлэх ч аргагүй юм.
1985 онд Украины Чернобилын ректор үйлдвэрийн ослоос болж дэлбэрсний улмаас бараг 100 кавунтоны цохилт бүс нутгийг хамарч 30 гаруй хүн газар дээрээ амь үрэгдсэний дээр олон мянган хүн эрүүл мэндээрээ хохирсон билээ. Бүс нутгийн хэмжээнд өнөөг хүртэл хөрсний бохирдол иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулсаар байна.
Үүнээс өөр бас нэг жишээ бий. АНУ 1961 онд Вьетнамд цэргийн ажиллагаа явуулах үедээ агаарт их хэмжээний диоксин гэх бодис цацжээ. Энэ хорыг ширэнгэ, балчиг намагт нуугдсан дайснуудаа устгах зорилгоор цацсан гэдгийг дэлхий нийт саяхан баталсан. Бүр байлдааны ажиллагааг “Agent Orange” хэмээн нэрийдсэн байдаг. Уг бодис хөрсөнд нэвтэрсний дараа халалтаас үүдэж шинэ төрлийн хор ялгаруулдаг. Үр дүнд нь Вьетнам гэлтгүй АНУ-тай холбоотон байсан Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеландын мянга мянган цэрэг хараагүй болж, эмэгтэйчүүд үргүй болох аюулд орсон байдаг. Гэхдээ АНУ диоксины үйлдвэр, түүнтэй холбогдох байгууллагуудыг 1991 онд албан ёсоор хаажээ. Энэ бол Азийг хордуулсан хамгийн том химийн дайн юм.
Харин Вьетнам, Чернобильтэй харьцуулахад Хонгорын хүн ам 100 дахин бага. Харамсалтай нь манай эрх баригчид Вьетнам шиг шат дараатай арга хэмжээ авч, хорны тархалтыг зогсоож чадаагүй. Өөрөөр хэлбэл, Хонгор суманд бодитой үр дүнд хүрсэн ажил огт байгаагүй гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх. Одоо ч тус суманд мөнгөн усны хор иргэдийн амьдралд ил, далдаар нөлөөлсөөр байна.
Т.Батсугар http://niigmiintoli.mn/
URL:




