Фракцийн Засгийн газар
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 19 сайдтай ажиллаж байсан Шинэчлэлийн Засгийн газар бүтцийн өөрчлөлтөөр энэ удаад 16 сайдтай ажиллахаар болсон. Давхардсан чиг үүрэгтэй яамдыг нэгтгэж, сайд нарын тоог дөрвөөр цөөрүүлсэн энэхүү үзэгдлийг үнэн хэрэг дээрээ фракц хоорондын эрх ашгийг тэнцүү хадгалсан Н.Алтанхуягийн бас нэг овжин шийдвэр байсан тухай тоймчид өдгөө онцолж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд энэ удаагийн бүтцийн өөрчлөлт гэгчээр 2016 оны сонгууль хүртэл санаа амар засаглах боломжийг өөртөө нээжээ гэж ойлгож болох нь.
Фракциуд Засгийн газрыг хувааж эн тэнцүү авсны улмаас ажил явдаггүй байдлыг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Чулуубилэг гэх залуу “Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаман дээр төмөр замын бодлого явж байлаа. Эдийн засгийн хөгжлийн яам уг нь эдийн засгийн хөгжлийн бодлого явуулах ёстой байтал төсвийн бодлого явуулж байв. Сангийн яамны ажил шүү дээ” хэмээн ярьсан байна. О.Чулуубилэгийн ярьсан энэхүү жишээ бол Засгийн газарт фракц ороод ирэхээр Төрийн ажил явдаггүйн тод илрэл юм.
Уг нь бол фракц гэдэг зүйл аль ч нам болон парламентад байх ёстой зүйл хэдий ч Засгийн газарт фракц гэж байх ёсгүй талаар туршлагатай улс төр судлаачид онцолсон байдаг. Хэдийгээр нэг нам ч гэсэн үзэл бодол, ашиг сонирхлоороо хурга, ишиг шиг ялгараад бүлэг фракцид хуваагдаад ирэхийн алдад хамтарч ажил хийнэ гэдэг ойлголт үгүй болж, фракциуд нэгнийгээ үгүйсгэсээр байгаад таарах элбэг. Үүний тодорхой жишээг өнгөрсөн хугацаанд Х.Баттулга гэгч эрхэм хангалттай харуулсан.
Нөгөөтэйгүүр аль ч улстөрийн нам хүчний бодлого эхлээд улс, үндэсний эрх ашиг, хоёрдугаарт нам, бүлгийн, гуравдугаарт хувь хүний өөрийнх эрх ашгийн төлөө гэсэн чиглэлийн дагуу явах ёстой, үгүй бол Төр засаг ялзралд орох аюултай тухай С.Зориг агсан талийгаач болохынхоо өмнөхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ. Гэсэн хэдий ч С.Зориг агсны хэлж байсан энэхүү чухал ойлголтыг манай улстөрчид урвуугаар нь хэрэгжүүлж ирсний үр дүнд эцсийн бүлэгтээ ийнхүү Фракцийн Засгийн газар гэх шинэ нэр томъёо, улс төрийн ойлголт үүсэхэд хүргэсэн байна.
TIME.MN
URL:













