С.Эрдэнэ гишүүн Тусгай хяналтын дэд хороонд “ам руугаа алгадуулжээ”
Намын дарга нь тагнасан чагнасан, мөрдсөн мөшгөсөн хэмээн С.Эрдэнэ гишүүн гомдол гаргаж энэ мэт хэрүүлийг шүүдэг Тусгай хяналтын дэд хороондоо өргөдөл өргөөд нэлээд удсан. Нэрээ аваад удаагүй байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай С.Эрдэнэ гишүүн долоон удаа сэм уулзаж шивнээ хийсэн юм байх. Үүнийг нь сонор соргог нь дэндсэн Н.Алтанхуяг дарга дор нь мэдээд бүлгийн хурал дээр илчилж нүүрийг нь улалзуулсан. УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхэд “аймшиггүйгээр” халдаж мөрдөж мөшгөсөн хэмээн С.Эрдэнэ намын даргадаа “хариуцлага хүлээлгэхээр” заргалдсан ч нэг л амжилтгүй яваа. Асуудлыг нь авч хэлэлцэхгүй удаагаад байгаад шаралхсан С.Эрдэнэ гишүүн Тусгай хяналтын дэд хорооныхонд томрох гэсэн ч дарга Э.Мөнх-Очир амыг таглаад явуулжээ. “УИХ-аар хэлэлцэх үй олон асуудал байхад танай намын дотоод хэрүүлтэй хэн зууралдаж байдаг юм бэ, өөрсдөө учраа олцгоо” гээд халгаасангүй гэнэ. Хууль бусаар тагнасан гээд сүржигнээд байгаа болохоос биш үнэндээ Н.Алтанхуяг С.Эрдэнэ хоёрын олон жилийн хэрүүлийн нэг л аж. С.Эрдэнэ гишүүний яриад байгаа мөрдсөн тагнасан юм байхгүй гэнэ. Н.Энхбаярын хамгаалагчдын нэг нь Н.Алтанхуягийн хамгаалалтын албаныхантай их найз байж. Тэгээд нэг удаа ууж сууж байгаад “Эрдэнэ гишүүн манай даргатай хэд хэд уулзсан” хэмээн ам алдсаныг нь хамгаалалтын албаныхан нь Н.Алтанхуягт хошуу хүргэчихэж. Ингэж л Н.Энхбаяртай нууцаар уулзсан, мөрдсөн чагнасан гэх “том хэрэг” дэгджээ.
URL:













