М.Баяртогтох: Хоёр хүүхдээ шатаасан З.Ёндонд 25 жилийн ял оноосон

54829

-БУЛГАН АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА-

Өнгөрсөн тавдугаар сард Булган аймагт хүүхдүүдээ шатаасан аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн Ё гэгч өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг “Бонго” маркийн машиндаа түгжиж байгаад шатаасан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Бид Булган аймагт ажиллах үеэрээ энэ хэргийн талаар тодруулсан юм. Уг хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлээд байгаа талаар Булган аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа М.Баяртогтох хэлсэн юм.

-Хоёр хүүхдээ шатаасан аймшигт хэрэг танай аймагт гарсан. Хэрэг  шийдвэрлэгдсэн үү?

-Энэ оны тавдугаар сарын 14-нд Булган аймгийн Орхон суманд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Тухайн өдрийн 17:44 цагт цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албанд дуудлага ирсэн. Хэргийн газар дээр ажилласан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг миний бие ахалж ажилласан. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлаад үзэхээр архидалт, гэр бүлийн маргаантай холбоотой. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн.

-Тухайн үед яг юу болсон юм бол. Хоёр хүүхдээ машинд цоожилж байгаад бензин цацаж шатаасан гэх мэдээлэл байсан. Үнэн үү?

-Архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсний улмаас гэмт хэрэг гарсан. Эхнэр нь нөхрөө архи уулгахгүй гэж хориглосноос үүдэлтэй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдэхдээ санаатай гэж үзэхгүй. Шүүхээр эцэслэн шийдэгдсэний дараа тухайн гэмт хэрэгтэнг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцдог. Одоогийн байдлаар шүүхийн анхан шатны шийдвэр гарчихаад байгаа. Гэмт хэрэг үйлдсэн хүн маань З.Ёндон гэж залуу. 1981 онд төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Том охин нь сумынхаа төвд тавдугаар ангид сурдаг. Сурагчийн дотуур байранд байдаг байсан. Бага насны хоёр хүүхэд нь хамт амьдарч байсан. Архи уулгахгүй гэж гэр бүлийнх нь хүн хориглоход бухимдсандаа татаж байсан тамхиа машиндаа санамсаргүй байдлаар унагаасан. Үүнээс болж банкинд нь байсан шатахуунаас гал гарч, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн. Өөрийнх нь талаас шатаж эхэлсэн учраас сандрахдаа урд цонхоо хагалан хоёр хүүхдээ хаяж буусан байдаг. Хоёр хүүхдийг гадна явсан хүмүүс харсан. Аврах ямар ч боломжгүй байсан гэж мэдүүлсэн.

-Шүүхийн шийдвэр яаж гарсан бэ?

-Анхан шатны шүүхээс гэмт этгээдэд 25 жилийн хорих ял оноосон.

-Шүүх хурал хэзээ болов?

-Энэ сарын 13-нд болсон.

-Эхнэр нь гомдолгүй гэсэн  юм уу?

-Эхнэр нь шүүх хурал дээр гомдолгүй гэж мэдүүлсэн юм билээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэгдэж байгаа хэргүүд шүүхийн шатанд буцах тохиолдол гардаг. Гэхдээ энэ хэрэг хүний амь настай холбоотой. Гэр бүлийн хүрээнд архи согтууруулах ундаа, хардалтаас үүдэлтэй үйлдэгддэг. Ийм төрлийн гэмт хэрэгтэй холбоотой нэлээдгүй гомдол цагдаагийн байгууллагад санал иргэдээс ирдэг. Бид ч шалгадаг. Шүүхийн шатанд очихдоо тулахаар гэр бүл болж олон жил ханилсан хүмүүс гомдлоо буцааж авах нь их байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн хүрээнд шалгах хэмжээнд хоорондоо эвлэрдэг. Гэтэл буцаад л хэдэн сарын дараа нөгөө хэлбэртээ ороод дахиад л шүүх, цагдаа гээд явж байх жишээтэй. Үүнийг шинэ хуулиар шийдэхээр заалт орж байгаа.

-Эхнэр нь гомдолгүй гэж мэдүүлснээр ял нь хөнгөрөх боломжтой юу?

-Тэр асуудлыг хуулийн хүрээнд л шийдэх учраас би ял хөнгөрнө, нэмнэ гэж хэлэх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, үүнийг давж заалдах шатны шүүх шийднэ. Тухайн хохирогч, сэжигтэн бүгд өмгөөлөгчтэй. Хуулийн хүрээнд энэхүү хүсэлт, шаардлагыг шийдэх ёстой. Яллагдагчид 14 хоногийн хугацаанд давж заалдах эрх нь нээлттэй байгаа. Одоо бол цагдан хоригдож байна.

-Тухайн үед эхнэр нь хажууд нь байсан уу, өөр айлд нуугдчихсан байсан юм уу?

-Гэмт хэрэг үйлдэгдэхэд нөхөр нь согтуу байсан. Гэр бүлийнхээ хүнд гар хүрсэн байдаг. Үүнээс болоод эхнэр нь айгаад зугтаасан. Ах, дүү хамаатан садныдаа нуугдчихсан байсан юм билээ. Энэ хооронд гэмт хэрэг болсон.

-З.Ёндон гэж хүн ямар мэдүүлэг өгсөн бэ. Тухайн үед хоёр хүүхдээ машиндаа орхиод бууснаа санадаг болов уу?

-Хоёр хүүхдээ машиндаа үлдээснээ санадаггүй гэж ярьдаг.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих