Халуун ус ба долоон жилийн хорих ял

uls_5444701f2dfad_1Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн жил гаруй үргэлжилсэн хоорондын маргаан ширүүсч,  улмаар нэгнийгээ халуун  усаар шалзлан  нэг нь эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирч, нөгөө нь шоронгийн хаалга татсанаар өндөрлөж байх шиг байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон энэхүү хэргийн талаар нийгэм хоёр талцан Д.Ононтуул, Ц.Алдармаа хоёрын хэн хэнийг нь буруутган, бас зөвтгөсөөр шүүх хуралтай золгосон.
Хоёр бүсгүйн хэрэг шүүхийн практикт өмнө бараг байгаагүй хувилбараар явагдсан гэхэд болно. Учир нь тэд хоёулаа хохирогч бас шүүгдэгч. Улсын яллагч тэдэнд хоёуланд нь ял төлөвлөж харин өмгөөлөгчид нь өөр өөрийн үйлчлүүлэгчидээ хохирогч гэх талыг баримтлан өмгөөллөө явуулсан байдаг.
Шүүхийн шийдвэр нийтэд ил болсон учраас энд дурдахаас зайлсхийе. Шүүгдэгч  Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял оноосоныг хатуудсан гэж үзэх хүмүүс байна. Магадгүй зарим хэсэг нь хоёр хүүхнийг хоорондын маргаан ойлголцож болох асуудлыг шүүх дэвэргэлээ гэж үзэж байх шиг.
Тэгвэл болсон хэргийн талаар  товч дурдъя.  Өнгөрсөн  дөрөвдүгээр сард “Шинэ үе” продакшн бүрэн бүрэлдүүнээрээ Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ аймгуудаар тоглолтоор явахаар хотоос хөдөлжээ. Ингээд Эрдэнэт хотод дөрвөн хоног тоглоод маргааш өглөө Сэлэнгэ явахаар болсон байна. Тоглолт дууссаны дараа жүжигчин Ц.Алдармаагийн найз гэх эмэгтэй найзынхаа СТА цол /Ц.Алдармаа дөрөвдүгээр сарын 01-ний өдөр СТА цол тэмдэгээр шагнуулсан/ -ыг мялаахаар вино, цэцэг барин ирсэн аж. Жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын хувьд хамтлаг дотроо илүү дотно найзууд учраас томилолтоор явахдаа голдуу нэг өрөөнд ордог байж. Энэ удаа ч тэд нэг өрөөнд орсон байсан бөгөөд өрөөндөө очиж, Ц.Алдармаагийн найзын авчирсан виног ууж суусан байна.
Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хувьд “Шинэ үе” продакшнд 2006 онд орсон бөгөөд тэр цагаасаа л үерхэж, хуурай эгч дүүгийн харьцаатай байсан гэдэг. Гэхдээ тэдний найзын холбоонд  2013 онд цав суусан аж. Тэд хоорондоо үл ойлголцсоноос Ц.Алдармаа Д.Оюунтуулыг хамтлагийнханыхаа хажууд зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан байсан аж. Гэвч энэ хэрэг одоогийн хэрэг шиг нь өндөр аваагүй тэгсгээд л дундаа өнгөрч байжээ.
Халамцсан бүсгүйчүүд уусан ундаандаа хөлчүүрхэн хоорондоо муудаж дээр дурдсан маргаанаа сөхөж, дахин маргасан байна. Маргааны сэдэв нь  Ц.Алдармаагийн найз залуу Б гэч  байж. Эмэгтэй найз нарын дунд хов зөөж, яс хаясан тэр залуу хамаг асуудлын гол нь байсан болтой юм билээ.
Ямартай ч Ц.Алдармаа Д.Оюунтуул руу виноны шил шидсэнээр маргаан ширүүссэн гэдэг. Харин Д.Оюунтуул ширээн дээр байсан ус буцалгагчийг авч шидсэн аж. Энэ үед ус буцалгагчинд халуун ус байсан бөгөөд Ц.Алдармаагийн нурууны хэсгийг түлж, улайсан байж. Бүсгүйчүүдийн маргааныг хамтлагийн бүжигчин охид салган өөр өөр өрөөнд нь оруулж унтуулсан аж. Гэтэл маргааш өглөө нь Ц.Алдармаа Д.Оюунтуулын унтсан өрөөний хаалгыг тогшин “Та намайг ингээд түлсэн байна” гэж хэлж орж ирж. Энэ үед Д.Оюунтуул угаалгын өрөөнд  явган сууж байсан аж. Гэтэл Ц.Алдармаа дээрээс нь хоёр литрийн буцалгагчтай халуун усыг бүгдийг нь дээрээс нь асгаад “Чи намайг түлсэн. Би ч гэсэн чамайг…”гэж хэлжээ.
Д.Оюунтуулын биеийн 31 хувь нь түлэгдэж, түлэгдэлтийн шоконд орж, зургаан сар эмнэлгээр явж, байнга халуурч дээшээ ч, доошоо ч харж  хэвтэж чадахгүй тарчилсаар. Түлэгдэлтийн улмаас арьс нь таталдаж тарчилж эмнэлгээс эмнэлэг дамжин эмчилгээ хийлгэж байгаа бол Ц.Алдармаа өнгөрсөн хугацаанд “Давхар цохилт” кинонд ажиллаж, тус дүрийг амилуулаад амжсан.
Ийнхүү нийгэмд дуулиан дагуулсан  хоёр бүсгүйн маргааныг анхан шатны шүүх эцэслэн тасалсан юм. Гэвч шүүхийн шийдвэрийн дараа Ц.Алдармааг Тахарын албаныхан хуяглан ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангид хүргэсэн.
Долоон жилийн ял гэдэг бол дэндүү урт хугацаа. Ц.Алдармаагийн тавхан настай хүү  энэ  хугацаанд ээжгүй өсөх болох нь. Үнэхээр харамсалтай. Гэвч эрүүл саруулдаа санаатай үйлдсэн түүний аймшигт хэрцгий хэргийг зөвтгөх шалтгаан хайгаад олдохгүй л байна.
Уурын мунхаг гээч зүйл ийм л эмгэнэлт үр дүнд хүргэдэгийг энэхүү хэрэг харууллаа.

М.Нандин

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих