Н.Алтанхуяг, Н.Энхбаярын гэрээ, Ц.Алдармаа, Д.Оюунтуулын шүүх хурлын дуулианд дарагдсан ТӨСӨВ
Н.Алтанхуяг Н.Энхбаяр гэдэг сахиустай болжээ гэлцэнэ
Нийгэм маань хаашаа яваад байна вэ. Бид дуулиан шуугианд, хатуухан хэлэхэд бусдын алдаанд их дуртай болчихжээ. Ёстой нөгөө, “энэ шувуу нэг л буруу дэвээд байна уу даа” гэдгийг үлгэр л болж байх шив. Өнөөдөр нийгмийн анхаараал хаашаа хандав. Улстөрийн зүгээс АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяртай байгуулсан гэрээ. Нийгмийн зүгээс “Шинэ үе” продокшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёрын шүүх хурлыг тойрсон дуулианыг л сонирхож байх шив. УИХ дээр 2015 оны төсвийг ярих, Засгийн газрын шинэ бүтцийг батлах хүлээгдчихсэн. Сайдын томилгоотой холбоотой МАН тав хоногийн завсарлага авсан. Ирэх Лхагва гарагт дуусна. 2015 оны төсөв. Монголчууд өлмөн зэлмүүн бүсээ чангалах уу, хоёр идэхгүй, хоосон хонохгүй байх уу гэдгийг шийдвэрлэхтэй холбоотой чухал асуудал. Гэтэл жүжигчин бүсгүйчүүдийн шүүх хурал, хоёр намын даргын байгуулсан гэрээний дуулианд дарагдчихлаа. Иргэд улс орны хөгжилтэй холбоотой биш хувь хүний асуудалд хэтэрхий “дуртай” болсонд хэн буруутай вэ. Нийгэм үү. Улстөрчид үү. Бид үү.
Ж.Батзандан намаасаа хөөгдөнө гэх “бор шувуу”
Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын хоорондоо байгуулсан гэрээ гэх шахуу зүйл яригдаж эхэллээ. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн М.Батчимэг, Ж.Батзандан, нийтлэлч ББатбаяр буюу Баабар….. Цөөнгүй хүн эсэргүүцжээ. Ж.Батзандан 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө гудамжны тэмцэгч байсан. Алдарт долоон сарын нэгний үйл явдлаас хойш Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайгийн хамт АН-д элссэн. Бүх хүн л мэднэ. Гэвч УИХ-ын гишүүн болоод Ж.Батзандангийн “тэмцэгч зан” үе үе илэрсээр. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэж үнэн ажээ. Намын удирдлагаасаа зэм хүртдэг ч тоодоггүй бололтой. Сөрөг хүчин МАН-ын 26 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах бичгийг дахин өргөн барьсан. Үүн дээр “Шударга ёс” эвслийн Л.Цог, АН-ын Ж.Батзандан хоёр нэмэгдчихжээ. Тиймээс л намынхаа бодлогыг эсэргүүцсэн Ж.Батзанданг АН-аас хөөх тухай “бор шувуу” нисч эхэллээ. Н.Алтанхуягийн Н.Энхбаяртай гэрээ байгуулахыг мэдсэн бол, МАН-ынхны огцруулах өргөдөлд нутгийн дүү Ж.Батзандантайгаа хамт гарын үсэг зурдаг байж гэж УИХ-ын гишүүн М.Зоригт уулга алджээ. Намаасаа хөөгдөх асуудал М.Зоригт гишүүнийг ч чиглэж мэдэх л юм. Х.Баттулга, Р.Бурмаа бас нэг удаа хөөгдөх дөхсөн. Эсэргүү гишүүнээ иймэрхүү байдлаар айлгадаг байж ч болох. Ж.Батзанданг намаас хөөхөөр Хяналтын зөвлөл дээр нь яригдсан сураг бий.
Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшвэл гайхах хэрэггүй гэнэ үү?
Хамтарч ажиллаж болно. Яаран сандран биш намынхаа гишүүдээс асуух байсан гэдэг асуулт л Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ээрч буй. МАХН, АН 2024 он хүртэл хамтарна. Сонгуульд нэгийгээ дэмжиж ажиллана…. Энэ бүхэн нь АН, МАХН-ын биш Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын хоорондоо байгуулсан гэрээ. 2016 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, МАХН-АН-ын хамтарсан эвслээс Н.Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн хардлага. АН-ын дарга, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг “сахиус”-тай боллоо гэхчлэн элдэв хардлага биелэлээ хайн нисч байна. УИХ-д сонгогдсон гишүүн нь гэрээ байгуулахыг мэдээгүй байснаас харахад АН-ынхан дундаасаа нэлээд эсэргүүцэх бололтой. Хотын дарга Э.Бат-Үүл онгоцноос ууртай буусан, нийтлэлч Баабар ….. Хоёр нөхрийг шоронд орох нь гэж хараасан гээд дуулиан үргэлжилж байна. 10 жилийн дараа улс орны хөгжил, нийгмийн амьдрал ямар байхыг хэн ч таашгүй. Төсвийн төсөлд сэтгэл дундуур байсан хотын дарга Э.Бат-Үүл, гэрээ байгуулсан Н.Алтанхуягийг огцруулах ёстой гэв.
Дуулианд дарагдсан төсөв
Төсвөө хэлэлцэх цаг болжээ. Арваннэгдүгээр сарын 15-нд төсөв батлагдсан байх ёстой. Төсөв батлагдахгүй бол УИХ тарна гэдэггүй бил үү. Улстөрчид Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрын гэрээг зөв, буруу гэж маргалдаад. Иргэд нь жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёр нэгийг нь өрөвдөж, нөгөөг нь буруутгаад. Нийгэм тэр чигээрээ хоёр талцан хуваагдаж байна. Энэ бол бидний өнөөгийн өнгө төрх. Үүнээс илүүтэйгээр бидний санаа зовоох зүйл бишгүй. Гэр хорооллын иргэд “Нүүрс” хөтөлбөрийг сураглаж, гомдсон Ерөнхий сайд нь энэ жил хэрэгжүүлэхгүй гээд. Утаа айсуй. Дуулианд дарагдсан төсөв хаачив. МАН-ын бүлэг засвар оруулах хэрэгтэй, АН-ын бүлэг 2-3 хуудас засвар оруулсан гэж улстөржсөөр. Хоног хугацаа явсаар. Өртэй ч байсан, өөдрөг ч байсан төсвийг хугацааг нь тулгаж байгаад нэг амьсгаагаар бөөндөх байх. Өмнө ч ийм л явж ирсэн. Дараа нь хууль тогтоогчид нэгийгээ буруутгаж, иргэд нь дагаж хоёр талцаад. Иймэрхүү байдлаар Монголчуудын амьдрал үргэлжлэх юм даа. Бид хаахна явна вэ?
www.times.mn
URL:













