2.6 тэрбумын хэрэгт унасан Ц.Сүхбаатар нар хаачив
Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Сүхбаатар МАХН /одоогийн МАН/-аас 2004-2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-д сууж байсан билээ. Түүнийг ийн төрийн жолоог залалцаж явах хугацаанд түүний УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга болон бусад хүмүүстэй бүлэглэн 2,6 тэрбум орчим төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгах болсон талаархи мэдээлэл дэгдэж, түүний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад хүргүүлж байсан.
Энэ үед 2004 оны парламентад УИХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж /одоогийн ХЗДХ-ийн сайд/ болон Хууль зүйн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Ц.Сүхбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргаж байсан. УИХ-аас гаргасан энэ шийдвэрийн дагуу 1998 оны зургадугаар сараас 2000 оны арваннэгдүгээр cap хүртэлх хугацаанд удаа дараагийн үйлдлээр УНДЕГ-ын дансан дахь мөнгийг “Алтжин” ХХК, тухайн үеийн “Зоос” банкны дансанд шилжүүлж байсан болон үүдээ барьсан “ХОТШ”, “Сэргээн босголт” банкны эрх хүлээн авагч нараас хүлээн авсан үл хөдлөх хөрөнгийг итгэмжлэн авсан атлаа банкны барьцаанд тавих, бусдад худалдаалах зэргээр хувьдаа завшсан хэргийг нь хуулийнхан 2008 оны сүүлийн улирлаас эхлэн шалгах боломжтой болсон ажээ.
Мөрдөн байцаалтын явцад Ц.Сүхбаатар нь УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үед Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Дашдондогтой үгсэн тохирч, 1998 оны зургадугаар сарын 18-нд тус газрын Голомт банкинд байршиж байсан данснаас нэг зуун сая төгрөгийг иргэн Д.Будангийн хувийн данс руу шилжүүлсэн. Мөн 2000 оны арваннэгдүгээр сарын 17-нд тус газрын ХХБанкин дахь данснаас хоёр зуун хорин сая төгрөгийг “Алтжин” ХХК-ийн дансанд, уг данснаас “Евро-Од” компанийн данс руу шилжүүлснийг бэлнээр гаргуулан авсан нь хөдөлшгүй баримтаар тогтоосон байна.
Энэ байддаар нийт 320 сая төгрөгийг Ц.Сүхбаатар, Ц.Дашдондог нар нь хувьдаа завшсан гэм буруутай болохыг АТГ-ынхан тогтоосон боловч дээрх хэргийг Ц.Сүхбаатар хүлээн зөвшөөрөхгүй байсаар шүүхийн шатанд энэ хэрэг шилжсэн ажээ.Харин Ц.Дашдондог энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, дарга дээрх баримтуудыг ямар учиртайг мэдэхгүй гарын үсэг зурсан гэх байдлаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг өгч байсан байна.
ХОТШ, “Сэргээн босголт” банкнаас УНДЕГ руу шилжүүлсэн 2 тэрбум
Мөн энэ хэрэг гарах үед дампуурлаа зарласан “ХОТШ”, “Сэргээн босголт” банкнаас УНДЕГ багагүй хэмжээний мөнгийг гаргуулах авах ёстой байсан ажээ. Гэтэл энэ мөнгийг дээрх банкны эрх хүлээн авагчдаас гаргуулах ажлыг тухайн үеийн УНДЕГ-ын дарга Ц.Сүхбаатартай гэрээ байгуулан “Өндөр гэгээн” компанийн захирал Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нар хариуцахаар болжээ. 2000 онд байгуулагдсан энэ гэрээний дагуу ХОТШ, “Сэргээн босголт” банкны эрх хүлээн авагчдаас мөн оны зургадугаар сарын 13-нд нийт хоёр тэрбум хоёр зуун далан гурван сая 233 мянган төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нарт итгэмжлэн хүлээлгэн өгчээ.
Гэтэл эдгээр эд зүйлсийг итгэмжлэн хүлээж байхдаа Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нар нь банкны барьцаанд тавьж, зарим хэсгийг бусдад худалдаалан хувьдаа завшсан ажээ.
Энэ хэргийн талаар яллагдагчид болон гэрчүүд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болсон шүүх хуралдааны үеэр ийн мэдүүлжээ.
Шүүгдэгч Ц.Сүхбаатар:
-320 сая төгрөгийн хэрэгт би холбогдсон байна. Яллах дүгнэлт уншихад бүлэглэн хуйвалдсан байдлаар хэргийг хийсэн гэсэн үг үсэг байсан. Үүнийг би анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Би гадагшаа дотогшоо явахдаа төлбөрийн даалгавар дээр гарын үсэг зураад явчихдаг байсан. Энэ байдлыг ашиглаж ийм зүйл хийсэн байсан. Ингэж гарын үсэг зурснаас надад ийм хүнд хэрэгт холбогдуулж байгаад гомдолтой байна. Энэ хүмүүстэй ижил зүйл анги сонсч байгаадаа гомдолтой байна.
Шүүгдэгч Ц.Дашдондог
-1998 онд их сургуулийн ангийн найз Баатарт “Голомт” банкинд байршуулсан 100 сая төгрөгийг шилжүүлсэн. Би олон удаа энэ мөнгийг эргүүлэн олж авахаар хөөцөлдсөн. Гэтэл нэг өдөр шалгалт ирсэн учир зохицуулахаар “Өндөр гэгээн” ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нартай ярилцаж, 220 сая төгрөгийг “Алтжин” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энд мөнгөө шилжүүлээд буцаагаад авахад хялбар байдаг юм. Энэ мөнгийг шилжүүлэхдээ “Зоос” банктай байгуулсан хөрөнгө байршуулах гэрээг ашигласан. Ц.Сүхбаатар даргын гарын үсэгтэй төлбөрийн даалгаврыг ашиглаж энэхүү үйлдлийг хийсэн.
Шүүгдэгч Б.Жаргалсайхан: -Тухайн үед УНДЕРгай өр авлага барагдуулах гэрээ хийсний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. ХОТШ банкны байшинг авахад сантехникийн болон бусад бүх зүйлийг нь солих шаардлагатай байсан юм. Тэгээд Ц.Сүхбаатар даргад хүсэлт гаргаад 77 сая төгрөгийн зээл авч байсан. Мөн ХОТШ, “Сэргээн босголт” банкнаас өр барагдуулахаар шилжүүлсэн хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч зэрэг дээр маргаан үүсч, өр барагдаагүй байгаа. Тухайн үед тооцоогоо буруу хийж энэхүү гэрээг байгуулснаас ийм байдалд хүрлээ.
Гэрч “Зоос” банкны Гүйцэтгэх захирал Ш.Чуданжий:
-2000 онд манай банк УНДЕГ-тай харьцдаггүй байсан. 220 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг манай банктай УНДЕГ хийж байгаагүй. Энэ гэрээ бол хуурамч гэрээ. Манай банктай Дашдондог гэдэг хүн нэг ч удаа холбоо барьж байгаагүй. Гэрээн дээрх миний гарын үсэг жаахан эргэлзээтэй байна. 220 сая төгрөг манай банкинд орж ирээгүй. Энэ төлбөрийн даалгавар хуурамч байна хэмээн мэдүүлсэн юм.
Гэвч 2000 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн УНДЕГ-ын ХХБ-нд байрлах данснаас “Зоос” банкны дансанд 220 сая төгрөг шилжүүлсэн №5 төлбөрийн даалгавар дээрх УНДЕГ-ын дарга Ц.Сүхбаатар, нягтлан бодогч Ц.Дашдондог, “Зоос” банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжий, ерөнхий санхүүч Т.Оюунчимэг нарын гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон байна.
Гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн Ц.Сүхбаатар нарт Эрүүгийн хуулийн 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, давтан үйлдлээр, их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Сүхбаатар, Ц.Дашдондог нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, давтан үйлдлээр их хэмжээний хохирол учруулсан, Ц.Сүхбаатар, Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нар нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа уг мөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан тул уг гэмт хэрэгт гэм буруутайд үндэслэл болсон боловч эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байна.
Ц.Сүхбаатар, ЦДашдондог, Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нарын үйлдсэн гэмт үйлддүүд ийнхүү 2000 оны арваннэгдүгээр сарын 17-нд тус тус төгсгөл болжээ.
Шүүгдэгч нар дээрх хүнд гэмт хэрэгүйлдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн байх бөгөөд энэхүү гэмт хэргийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн 72.1.3-т дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 15 жил өнгөрсөн бол гэмт хэрэгт татагдсан этгээдийг эрүүгийн хариуцдагад татаж болохгүй гэжээ.
Харин 1986 оны Эрүүгийн хуулийн 44.Г-Д хэсэгт зааснаар 10 жил өнгөрсөн бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж тус тус хуульчилсан байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 12.1 гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Мөн зүйлийн 12.2-д гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт 1986 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна хэмээжээ.
С.Энхзаяа
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL:













