“Амьд” нэрийн цагаан будаанаас хортон шавьж илэрлээ
Миний дэлгүүр сүлжээнд худалдаалж байсан “амьд” нэрийн цагаан будаанаас хортон шавьж илэрчээ.
Энэ талаарх мэдээллийг “Миний дэлгүүр-117” дэлгүүрээр үйлчлүүлсэн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны иргэн Л.Алтанхуяг Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст анх өгсөн байна.
Тус иргэний гомдлын мөрөөр эрүүл ахуй халдвар судлалын улсын байцаагч Д.Нармандах уг дэлгүүрт хяналт шалгалт хийж, цагаан будаанаас дээж авч МХЕГ-ын нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд шинжилгээний сорилтын дүнгээр цагаан будаа нь Монгол улсын ургамлын гадаад хорио цээртэй хортон шавьж гурилч цох, үхсэн хачигны сэг зэмээр бохирлогдсон нь тогтоогдсон аж.
Мөн холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт байрладаг тус дэлгүүрийн бас нэг салбар болох “Миний хайпермаркет”-д мөн шалгалтыг хийж хоёр кг-аар савласан цагаан будаан дотор тутраганы шөвгөр хошуут цох амьдаараа байхыг нь илрүүлсэн байна.
“Монгол саплай чейн” ХХК нь “Миний сүлжээ” дэлгүүрүүдэд цагаан будаа нийлүүлдэг байсан бөгөөд зооринд агуулж буй болон худалдаанд гаргасан бүх бүтээгдэхүүнийг татан авч битүүмжилжээ.
Тус компани нь БНСУ-аас импортоор оруулж ирсэн “Амьд” нэрийн хальстай цагаан будааг хальсалж, жижиглэн савлаж худалдаалж байгаа нь Монгол улсын “Хүнсний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 /…бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах/, 9.4.1 /аюулгүй байдлын шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагаас олгогдсон дүгнэлтгүйгээр хүнсийг нийтэд борлуулах, үйлдвэр үйлчилгээний зориулалтаар ашиглах/, 9.4.2 /бохирдолтын хэмжээ эрүүл ахуй аюулгүй байдлын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн хүнсийг борлуулах/ дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймийн тул хортон шавьжаар бохирлогдсон “Монгол саплай чейн” ХХК-ийн оруулж ирсэн цагаан будааг хурааж, устгалд оруулахаар болсон аж.
Г.Од
URL:




