Сүү, сүүн бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрчээ
МХЕГ-аас хүнсний үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтынхаа үр дүнг өнгөрсөн баасан гаригт хэлэлцэв. Тус хяналт шалгалтад нийтдээ 77 үйлдвэр, цех хамрагдах байснаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 11 үйлдвэр болон Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь аймгийн 42 үйлдвэр, цех хамрагдсан байна. Мөн 24 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагааг түр болон бүрмөсөн зогсоож, үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн гэх шалтгааны улмаас шалгалтад хамруулаагүй аж. Шалгалтад хамрагдсан сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд давхардсан тоогоор 272 зөрчил илрүүлснээс 139 буюу 51.1 хувийнх зөрчлийг газар дээр нь арилгуулж, бусад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн 185 заалт бүхий 20 албан шаардлагыг хүргүүлж, биелэлтэд хяналт тавьснаас хэрэгжилт нь 63.3 хувьтай байгаа юм байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 20.8 хувь нь нийслэлд, 79.2 хувь нь хувь нь аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.
Тус шалгалтаар 21 үйлдвэр, цех эрсдэл багатай, 29 үйлдвэр, цех дунд, гурван цех их эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Сүүлийн дөрвөн жилд худалдааны газруудад хийсэн хяналт, шалгалтын дүнг нэгтгэхэд шалгалтанд хамрагдсан газрууд нь хурдан гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй зөрчил 75.2 хувьд нь, хүнснийг хадгалалтын горимын дагуу хадгалж, худалдаалдаггүй зөрчил 72.7 хувьд тус тус илэрсэн бол шинжилсэн 1914 дээжээс 189 нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч,”1532 арчдаснаас 474 нь нянгийн бохирдол, 14 дэлгүүрт хөгц мөөгөнцөр тус тус илэрч, агаарын чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй зэрэг ноцтой зөрчил илэрчээ.
Б.БОЛОРМАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:













