Facebook нууцлал бүхий хувилбартай боллоо
Магадгүй цахим ертөнцийн хамгийн нээлттэй үйлчилгээ Facebook гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Тэгвэл дэлхийн хамгийн нууцлал багатай сайт интернетийн хамгийн өндөр нууцлалтай сүлжээнд өөрсдийн сайтыг байршууллаа.
Цахиур хөндий дэх хамгийн том интернетийн мангас Facebook өнгөрсөн баасан гарагаас эхлэн “Тоr” сүлжээнд ажиллах нууцлаг хувилбараа нээжээ. Зөвхөн “Тоr” хөтөч дээр ажиллах энэ сайтад өөрийнхөө хэн гэдгийг нуухыг хүссэн хэн ч нэвтэрч болно. “Tor” сүлжээнд Facebook өөрсдийн сайттай болсон гэдэг хачирхалтай санагдаж болох юм.
Хэрэглэгчдийг хуурамч нэрээр нэвтрүүлэх дургүй Facebook одоо тэднийг интернетэд бусдаас өөрийгөө нуух боломж олгож байна. “Тоr” сүлжээг хөгжүүлж байсан Руна Сендвик энэ тухайд “Мэдээж хэрэг өөрийнхөө хаягаар Facebook-т нэвтэрч байгаа учир та бүрэн нууцлагдахгүй, гэхдээ таны хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг “Tor” сүлжээ хангана. Жишээ нь таныг сурталчилгааны компаниуд яасан ч олохгүй” гэжээ.
Tor сүлжээ нь зөвхөн хэрэглэгчийн хувийн мэдээллийг нууцлаад зогсохгүй Silk Road мэтийн хууль бус сайтуудаас хар тамхи худалдан авах, SecureDrop мэтийн сайтуудад төрөл бүрийн мэдээлэл байршуулах боломж олгодог. Facebook SSL нууцлалын системийг ашигладаг болсноор гуравдагч этгээд Facebook-ийн хэрэглэгчийг мэдэх боломжгүй болсон юм.
Гэхдээ л өнөөдрийг хүртэл “Tor” сүлжээг ашиглан Facebook-т нэвтрэх том асуудал байсан. Учир нь ихэнх тохиолдолд сайт сүлжээнд нэвтрэх эрхийг нь хаадаг байв. Шалтгаан нь тун энгийн. IP хаяг нь байнга өөрчлөгдөж, дэлхийн хаанаас холбогдож байгаа нь мэдэгдэхгүй байгаагаас болоод сайтын аюулгүйн систем тухайн хэрэглэгчийг ботнет эсвэл сүлжээг гэмтээх гэсэн зорилготой хакер гэж үздэгт байгаа юм.
Facebook-ийн аюулгүйн албаны инженер Алек Маффет “Tor-оор дамжин холбогдож байгаа хэрэглэгч эхлээд Австралиас холбогдсон бол дараа нь Швед ч юм уу, Канадаас холбогдохоор манай аюулгүйн систем шууд эрсдэл гэж ойлгодог” гэжээ.
Ийм учраас л өөрийнхөө аюулгүйн төлөө санаа зовж нууцлал бүхий сүлжээгээр интернет ашигладаг хүмүүст зориулан Facebook шинэ сайтаа нээсэн юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Google, Facebook, Twitter зэрэг сайтууд эхлээд SSL нууцлалын системийг ашиглаж эхэлсэн. Харин одоо Facebook “Tor”-ыг ашиглаж эхэлснээр Цахиур хөндий дэх компаниуд энэ сүлжээг хэрэглэгчийн хувийн нууцыг хадгалах зорилгоор хэрэглээнд нэвтрүүлж эхлэх байх.
Эх сурвалж: wired.com
URL:










