Хоёр иргэншилтэй хийлч Ванесса Мэй цанын тэмцээнд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулжээ
2014 оны Сочийн Өвлийн Олимпод хийлч Ванесса Мэй цанын төрлөөр оролцсон билээ.
Гэвч Олон Улсын Цанын Холбоо Ванессаг Олимпод оролцохын тулд худлаа тэмцээн зохион байгуулж өөрийн үнэлгээг дээшлүүлснийг илрүүлжээ.
Тайланд, Английн давхар иргэншилтэй хийлч бүсгүй одоо 36 настай ба дэлхийн хөгжмийн зах зээлд 10 сая альбом зарж чадсан түүхтэй.
Тэр өнгөрсөн өвөл Сочид болсон өвлийн олимпод Тайландын багийн гишүүн болж Ванесса Ванакорн нэрээр оролцсон юм.
Цанын тэмцээнд оролцогчдоос хамгийн ахмад нь болж оролцон мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.
Ванесса Олимпод оролцох эрхийг 2014 оны нэгдүгээр сард Словений Крвавеч хотод зохиогдсон тэмцээнээс авчээ. Харин энэ тэмцээнийг Ванессагийн хүмүүс зохион байгуулж оноог нь засч, оролцоогүй тамирчдын нэрсийг орсон болгон тайлагнаж, тэмцээний дүрмийг зөрчсөнийг цанын холбооныхон илрүүлсэн байна. Мөн тэр үед цаг агаарын нөхцөл тааруу байснаас зарим уралдаанууд нь ч зохиогдоогүй өнгөрсөн байжээ.
Иймээс Ванесса Мэй олон улсын цанын тэмцээнүүдэд дөрвөн жил оролцох эрхгүй болсон гэнэ.
URL:















