“Herbalife”-ийн бүтээгдэхүүн хэрэглэж эхнээсээ нас барсан тохиолдол гарлаа

aimaar914286410201405091244hohirogch_(1)155805266201403311005

Сүүлийн жилүүдэд биологийн нэмэлт бүтээгдэхүүн, эм биш нэмэлт тэжээл гэх нэршилтэй олон төрлийн бүтээгдэхүүн зарж борлуулдаг сүлжээний бизнес хүчээ аван хөгжсөөр өнөөдрийг хүрчээ. Харин энэ бүтээгдэхүүнүүд нь хор хөнөөлтэй, хүний эрүүл мэнд, амь насанд маш сөрөг нөлөөтэй Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаж, гадны хэвлэлүүд мэдээлж байсныг та бүхэн санаж байгаа биз.

Өнгөрсөн долоо хоногт “Eagle” телевизийн хэлэлцүүлэгт Хор судлаач У.Баяр, Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболд, НМХЕГ-ын мэргэжилтэн зэрэг мэргэжлийн хүмүүс “Herbalife”-ийн бүтээгдэхүүн үнэхээр хүний биед хортой гэдгийг батлан хэлж байсан юм.

“Herbalife”-ийн бүтээгдэхүүн ууж хэрэглэснийхээ хар гайгаар нэг эмнэлгээс нөгөө эмнэлэг дамжин явсаар сүүлдээ Нэгдсэн I клиникийн бөөрний тасагт эмчлүүлэхдээ тулсан Б.Оюунтуяа гэх бүсгүй ярьж байсаныг санаж байна.

Харин Б.Оюунтуяа бүсгүй харамсалтай нь  нас баржээ.. Тэрээр Нэгдсэн I клиникийн бөөрний тасагт эмчлүүлж байгаад гадаад улсыг зорьсон ч эмчилгээ авалгүй байсаар өнгөрсөн тавдугаар сарын үед амиа алдсан гэх мэдээллийг эх сурвалж хэлж байгаа аж.

Талийгаач хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би 2011 онд “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндээ сайжруулах, мөн турах зорилгоор хэрэглэсэн. Анхны охиноо төрүүлчихээд нэлээд жин нэмсэн байлаа. Усан спорт, фитнессээр хичээллэж байтал миний танил хүүхэн “Herbalife”-т  хамрагдаад, гурван сарын дотор 10 кг хассан, чи надтай хамт яваач, үр дүн нь янзтай гэж өдөр болгон гэрт ирж ятгаад байхаар нь очсон. Хожим “Herbalife”-ыг сүлжээний бизнес гэдгийг нь мэдсэн. Ингээд III хороолол, дараа нь XI хороололд байдаг эрүүл зөв хооллолт клубээс бүтээгдэхүүнээ авч гэрээрээ уусан. Гэвч хэрэглээд нэг жил зургаан сарын дараа бөөр өвчилсөн. Эхлээд хэрэглэхэд үнэхээр бие сэргэх шиг болдог. Харин одоо бөөрний дутагдалд ороод, бие маань муудаад хүнд байдалд орчихоод байна. “Herbalife”-ыг хэрэглэхээс өмнө бөөр эрүүл байсан эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт нь надад байгаа.

“Herbalife”-ын бүтээгдэхүүнийг 6 сар хэрэглэсний дараа эмнэлгийн нарийн шинжилгээ өгөхөд бие маань тааруу гарсан. Энэ тухай клубын багшдаа хэлэхэд “Эмч нарын үгэнд ороод хэрэггүй. Харин бүтээгдэхүүнээ тасралтгүй 1 жил хэрэглэхэд чиний эд эрхтэн эрүүл гарна. Хорт хавдар эдгээд байхад наадах чинь юу ч биш. Ахиж битгий эмнэлгийн шинжилгээ өгөөрэй” гэсэн. Ингээд ахин бүтэн жилийн хугацаанд тураах зориулалттай Термо цай, алое, лайн уураг, витаминыг хэрэглэсэн. Ялангуяа бөөрөнд тэжээл өгдөг гэх тэрхүү лайн-ыг багшийнхаа зөвлөснөөр уугаад байсан. Энэ маань хожим нөхөж баршгүй том алдаа байж. Эрүүл мэндийнхээ эсрэг хор ууж байснаа мэдсэнгүй” хэмээн ярьсан байсан юм.

“Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан, үндэслэлүүд

Дэлхийн хөгжилтэй орнуудад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу  биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь таны сонголт, гэхдээ ийм сөрөг нөлөөтэй  гэдгийг тайлбарлаж өгдөг байна.  Харин манай улсад өнөөдөр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бүхэн биед сайн хэмээх ташаа ойлголт байдаг. Үүний нэг нь Хербалайф хэмээх пирамидын луйвар юм.  Тийм учраас  олон улсад тухайлбал, Израиль, Исланд, Аргентин, Шведэд   “Herbalife”-ийг  хориглосон  байдаг.   Пирамидын луйвар гэдгийг  олон улсын шүүхийн байгууллагын  тогтоол, шийдвэр батална.  Өөрөөр хэлбэл   “Herbalife” бол бизнесийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч дэлхийд хориглосон бүтээгдэхүүн юм.

Ингээд “Herbalife”-ийг хэрэглэхгүй байх шалтгаан үндэслэлийг тайлбарлъя.

  • Food and drug administration /FDA/ 2004 оноос эхлэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний найрлагад эфедрин оруулахыг хориглосон. Тэгвэл  “Herbalife”-ийн бүтээгдэхүүний найрлагад эфедрин ордог бөгөөд эфедрин хэрэглэсэн хүн тухайн үедээ бие нь их сэргэг болж, хөнгөрч, сэтгэл санаа нь дээшлээд ирэхээрээ энэ үнэхээр сайн юм байна гэдэгт итгэдэг.  Гэвч эфедрин хэрэглэсэн хүний сэтгэцэд өөрчлөлт орж, салгалдаг болохын зэрэгцээ бөөрний чулуу, зүрхний хэм алдагдах, хөлс ихээр гарах,  цусны даралт ихсэх, хүний дотор эрхтэнг  хордуулдаг болох нь тогтоогдсон байдаг.  Өөрөөр хэлбэл та “Herbalife”-ийг удаан хэрэглэбэлдээр дурьдсан шиг өвчтэй болно гэсэн үг.
  • Дэлхийн Элэг судлалын төвөөс гаргадаг “Hepatology” сэтгүүлийн 2013 оны 7 дугаар сарын дугаарт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр элэгний өөрчлөлтүүд, элэгний цочмог эмгэг үүсгэж, бодисын солилцоонд өөрчлөлт гарч байгааг баталсан эрдэм шинжилгээний өгүүлэл гарсан байна.
  •  Wikipedia сайтад бичснээр “Herbalife”-ийн бүтээгдэхүүнийг хийдэг ажилчид нь “Энэ бүтээгдэхүүнд хүнд хэрэгтэй зүйл гэж юу ч байхгүй” гэж хэлсэн байна.
  • Энэ сараас эхлэн АНУ-ын худалдааны коммисс “Herbalife”-той холбоотой мөрдлөг явуулж эхлээд байгаа.  Энэхүү мөрдлөг нь 12-18 сарын турш хийгдэх бөгөөд  тэр үед  энэхүү сүлжээний бизнесийн  “но” бүхэн илэрэх юм.
  •  Израиль, Исланд, Аргентин, Шведэд   энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод байгаа.  Учир нь  хүний эрүүл мэндэд сөрөгт нөлөөтэй бөгөөд  пирамидын  луйвар гэдгийг баталсан.

Тэгвэл  “Herbalife”-ийг хэрэглээд  иргэд хэрхэн хохирсон бэ?

·         Энэтхэгт нэгэн бүсгүй  комд орсон бөгөөд энэ хэрэг 2012 онд гарсан.  Тухайн үедээ бүсгүйн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч  байсан.  Дэлгэрэнгүйг дараах бичлэгээс үзэж болно.

Монголчууд ч гэсэн энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон байх юм. Тухайлбал  иргэн Б.А нь турах зорилгоор  26 настайдаа буюу  2012 оны 8-р сард 21 хоногийн хэрэглээний  термо цай,  коктейль,  алое авсан байна. Хэрэглээд 18 хоносноос хойш  юу ч идэж, ууж чадахгүй болжээ.  Өөрөөр хэлбэл юу ч идсэн уусан буцаж бөөлжиж гаргасаар байжээ.  Энэ байдал гурван өдөр үргэлжилсэн бөгөөд сэхээнд ортлоо бие нь муудсан.   Улмаар  сайд нарын гэгдэх  2-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 3 өдөр сэхээний тасагт эмчлүүлсний дүнд  энгийн тасагт шилжсэн байдаг.  Улмаар  олон төрлийн шинжилгээ, эмчлгээндээ  3 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Түүнийг анх хэрэглэхэд  ямар ч өвчтэй хүн хэрэглэж болно, эсийн түвшинд тураана,  жирэмсэн хүн ч хэрэглэж болно хэмээн эмч мэргэжилгүй  “захын нэг нөхөр” зөвлөсөн байгаа юм.  Бүсгүйн  ийнхүү  эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон бөгөөд  өнөөдрийг хүртэл  эмчилгээ хийлгэдэг байна.

·         2013 онд  иргэн  н.Т нь биеийн дархлааг сэргээх,  цус төлжүүлэх зорилгоор алоег дангаар нь хэрэглэсэн.  Хэрэглээд  удалгүй  хордлогод орсон.  Хордлого нь өнөөдөр харшил болсон бөгөөд  Арьсний өвчин судлалын  төвөөр үйлчлүүлэгчийн тоог нэгээр нэмсэн.  Энэ мэтчилэнгээр хохирсон хүн цөөнгүй бий.

Удаан хугацаанд хортой бүтээгдэхүүн хэрэглэхээр хүний бие хордож эмчилгээ авахад бэрх болдог бөгөөд нас барсан хүн нэгээр тогтохгүй  байдаг юм билээ.   Тодруулбал  2011 оны байдлаар  Израйль, Испани, Швейцарь, Исланд, Аргентин, АНУ-д элэгний өвчлөл нэмэгдсэн байна. Элэг нь өвдсөн иргэдийн дийлэнх нь  “Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан бөгөөд эмнэлэгийн эмч ажилтанууд хэдийгээр  элэгний өвчлөлийг хүндрүүлэлгүй байнгын эмчилгээ хийдэг ч  хоёр өвчтнийг аварч чадаагүй байна.  Өөрөөр хэлбэл талийгаачид Хербалайф”-ийн бүтээгдэхүүнийг  удаан хугацаанд хэрэглэж гүн хордлгод орсон тул  эмчилгээ авалгүй  нас барсан  байна.

Монгол улсын иргэн  та  энэхүү  луйварын бизнесийг дэмжиж,  эрүүл мэнд,  хөрөнгөөрөө хохирох эсэхийг таны сонголт л мэдэх хэрэг гэдгийг санаарай.

-“HERBALIFE”-Д ХОРДСОН 30-40 ХҮН НЭГДЭЖ “ХОХИРОГЧДЫН ХОЛБОО” БАЙГУУЛЖЭЭ-

“Herbalife”-ийн БАД-ын бизнес нь гараас гар дамждаг, сүлжээ хэлбэрээр нууц байдалд хүн элсүүлдэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр реклам, зар сурталчилгаа явуулдаггүй, мөн клубынхээ үүдэнд хаягаа тавьж байгаагүй нь эцэстээ өөрсдийн хохирогчдоос нуугдаж, тэднийг нэгдэж тэмцэхээс урьдчилан сэргийлж байсан хэрэг болохыг хожуу ойлгосон хэмээн хохирогчид ярьж байна. Хохирогчид хэмээн тодотгосны учир юу вэ гэвэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирсон 30-40 хүн нэгдэж, “Хохирогчдын холбоо” байгуулан үйл ажиллагаа эхэлжээ.

Тэдний туйлын зорилго нь “Herbalife”-ийн тухай гагцхүү үнэнийг ард түмэнд хүргэж өгөх. Бас тэдний цаана хэнд ч хандахаа мэдэхгүй өвчиндөө шаналж буй гомдолтой өчнөөн хохирогчдыг төлөөлж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах юм билээ. Тэд удахгүй олуулаа болон гарч ирэхээ мэдэгдсэнээс гадна тавдугаар сараас хойш уг бүтээгдэхүүнийг хэрэглэж бөөрний дутагдалд орсон 4-5 хүн нас барсан талаарх аймшигт тоог мөн хэлсэн юм. Тэдний нэг Ц.Ариунаа гэх эмэгтэй Монголд анх удаа өөхөн эдийн хавдар гэдэг оноштой шаналж, байнга эмчийн хяналтад явдаг болжээ.

-“HERBALIFE”-ЫН БҮТЭЭГДЭХҮҮНД ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ МАШ ОЛОН БОДИС БАЙГААГ ТОГТООЖЭЭ-

Клиникийн нэгдүгээр эмнэлгийн Зүрх судас, үе мөчний клиникийн эрхлэгч, зөвлөх эмч Б.Батболдоос “Herbalife”-ийн бүтээгдэхүүний талаар тодруулахад “Herbalife” бол бизнес талаасаа ч дэлхийд хориотой, эрүүл мэнд талаасаа ч хориглосон бүтээгдэхүүн. Үнэндээ эдгээр биологийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийг дэлхийн том том институтууд судлаад хэрэгтэй юм алга гэдгийг баталчихсан байдаг. Шинжлэх ухаанд бүх зүйл өнөөдөр тодорхой болчихсон. Тэр ч байтугай шинжлэх ухаан биологийн болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд хориотой эм бэлдмэл хэрэглэж байгааг, энэ нь эргээд хүний биед сөрөг нөлөөтэй болохыг баталчихсан шүү дээ. Манайхан л дүлий дүмбэ царайлж яваад байгаа болохоос биш шинжлэх ухаан хөгжсөн газруудад биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд гэсэн нэртэй болгоныг шалгаад, дэмий, хэрэггүй юм байна шүү гээд ихэнхийг нь бүр хорьсон. Барууны орнууд, Америкт 60-70-аад онд нэмэлт бүтээгдэхүүнүүд гарч ирээд, үүнийг нь шинжлэх ухаан 5-10 жилийн дотор судлаад ерөөсөө хүний биед дэмий юм байна. Энэ яриад байгаа ашиг тус нь байхгүй байна гэдгийг баталсан. Нэгэнт шинжлэх ухаанаар баталчихсан, тухайн улсууддаа хэрэглэхээ больсон зүйлийг тэнд борлогдохгүй болуут эрүүл мэндийн зохистой бодлогогүй, оюуны хоосролтой, шинжлэх ухаанч мэдлэг чадвар сул, хүн амын эрүүл мэндийн мэдлэг муутай орнуудад бараагаа зарж эхэлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.

Сүүлийн үед манайд хүчээ аваад байгаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнд хүний биед сөрөг нөлөө үзүүлэх маш олон бодис байгааг тогтоочихсон. Мөн пирамидын луйвар болох нь ч батлагдсан. Пирамидын бизнес чинь өөрөө маш аюултай. Ер нь сүлжээний бизнес гэдэг бол маш нарийн зохион байгуулалттай үргэлж хар юм хийж явдаг. Өөрсдөө хэрэглээд хохирсон ч бай хамаагүй мөнгө олохын тулд дараагийн хүмүүсээ ямар ч аргаар хамаагүй элсүүлдэг. Богино хугацаанд их ашиг олох л зорилготой. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглээд эрүүл мэндээрээ хохирсон хүн олон бий. Эрүүл мэндээ байг гэхэд сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглээд, мөнгө төгрөгөөр хохирсон хүмүүсийг тоолохын аргагүй. Пирамидын луйвар болох нь батлагдсан, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй нь дэлхийн тэргүүлэх зэргийн лабораторитой, тэргүүлж буй шинжлэх ухаантай, хууль эрх зүйтэй Америк, Бельги, Израиль улсуудад тогтоогдоод хориглосон тухай мэдээллийг интернэт сайтуудад ил тавьсан байхад манайхан л бие биеэ хуурч, хэрэглэж байгаа нь эмгэнэлтэй байна” хэмээн ярьж байна.


URL:

Нэр: Солонго Огноо: 5 February 2020

Сэтгэгдлүүдээ монгол болгоочээ

Сэтгэгдэл бичих