Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ээлтэй Төрийн ордонтой болох юмсан
Дэлхийн улс орнуудын хүн амын арав орчим хувь нь хөгжлийн бэрхшээлтэй гэсэн судалгаа байдаг. Харин энэ тоо манай улсад зургаа хувь орчим. Энэ нь Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн цөөнтэй гэсэн үг огтхон ч биш. Харин ч оношилгоо тааруутай холбоотой гэдгийг УИХ-ын эмэгтэй гишүүд хэллээ. Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний ээжүүдийг Төрийн ордонд өчигдөр хүлээн авч уулзсан юм. Энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн өдөр тохиож байгаатай холбоотой. Уулзалтад “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллагын төлөөлөгчид ч иржээ. Уулзалтын зорилго хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэД болон гэр бүлд тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсч, шийдэх арга зам хайх явдал байсан. Тиймээс ч ээжүүд өөр өөрт тулгардаг зовлонгоо ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай сургуулийн хүртээмж муу, есдүгээр ангиас дээш анги байдаггүй учраас есдүгээр анги төгссөн л бол гэртээ байхаас өөр сонголтгүй болдог. Сургуульд нь нэг автобус хуваарилсан ч жолооч болон шатахууны зардлыг төсөвлөөгүй учраас явдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийтийн тээврээр зорчиход хүндрэлтэй учраас заавал таксигаар явах шаардлага гардаг. Түүнчлэн 10-аас дээш насны хүүхдэд таарах памперс олддоггүй. Эдгээр нь Монгол Улсад байгаа 16500 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг бэрхшээлийн нэгээхэн хэсэг. Тэдний үгийг төрийн зүгээс сонсохоос ч аргагүй. Эрүүл-хүүхдээ хоёр нас хүртэл асрах гэж гэртээ суухдаа ээжүүд яадаг билээ. Гэр бүлийн орлого багасч, дээр нь стресстэнэ. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд байдал ямар байгаа нь тодорхой. Хүүхдээ асрахын тулд ажил хийх боломж гарахгүй сүүлдээ нийгмээс тусгаарлагдаж, өөрсдөө “хөгжлийн бэрхшээлтэй” болж байгаа нь нууц биш. Харин “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага ийм ээжүүдэд тусалж, тэднийг нийгэмшүүлэх, хүүхэдтэйгээ харилцах арга заахаас эхлээд амьжиргаагаа дээшлүүлэхэд ч нэмэр болдог байна. Тиймээс ээжүүд нийлж зөөлөн тоглоом хийдэг болж.
Тэд бэлгэдлийг бодож унага хийдэг бөгөөд хийсэн бүтээгдэхүүнийг нь Америк, Солонгост амьдардаг монголчууд худалдан авч эхэлжээ. Цаашид үүнийг зөөлөн тоглоомын үйлдвэр болгохоос эхлээд зорилго их. Завхөн ээжүүдийн ажил эрхлэхийг дэмжихээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чадвар, чадамжийг илрүүлж дэмжих санал ч гарсан.
Тэдний санал хүсэлтийг бүгдийг нь шийдэж өгөх боломж хомс ч асуудлыг хуульд тусгах зэргээр дэмжиж ажиллахаа уулзалтад оролцсон С.Оюун, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар хэлсэн. Тухайлбал Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-аар хэлэлцэж байгаа Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хардаг бол хувьсах зардлыг хоёр дахин нэмж олгох заалт оруулах санал хэлсэн. Харин Г.Уянга гишүүн, Вьетнам улсад жуулчдыг нэгдсэн журмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвөөр зочлуулдаг. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гар урлалаас эхлээд бэлэг дурсгалын зүйлийг өөрсдөө урлаж өгдөг жишээг дурдсан. Харин С.Оюун гишүүн БНХАУ-ын 30 сая орчим ам.долларын тусламжаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна. Энэ нь 2017-2018 онд ашиглалтад орох талаар таатай мэдээ дуулгалаа. Тэрээр өөрийн толгойлж байгаа яамандаа хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг. Өөрт нь итгэл өгч байгааг мэдрээд маш сайн чармайж ажилладаг. Энэ мэтээр төрийн байгууллага үлгэр үзүүлж хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн ажиллуулж болох санал явуулж захидал бичнэ гэлээ. Онцолж нэг зүйл нэмэхэд, ЭМШУИС зэрэг сургууль төгссөн, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах сонирхолтой тусгай мэргэжил эзэмших хүсэлтэй хүн байвал төрөөс зардлыг нь гаргаж сургах боломж байгаа гэсэн. Манайд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй учраас боловсон хүчин хангалттай байдаггүй аж. Тиймээс боловсон хүчин бэлтгэх асуудал чухал байгаа ч энэ чиглэлээр сурах сонирхолтой хүн цөөн байдаг юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй байтугай эрүүл хүн амьдрахад хэцүү энэ нийгэмд төрөөс онцгой анхаарал хандуулаасай. Төр гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагаа өөрчлөх юмсан. Ядаж Төрийн ордон нь тэргэнцэртэй хүн орох боломжийг хангаад өгчихөөсэй. Төрийн ордон нь ийм байхад бусад байгууллагаас тэдэнд ээлтэй байхыг шаардах хэцүү. Ер нь дээрээсээ авахуулаад хувь хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслая. Мөнгө өгч, тэргэнцэрийг нь өргөж өгөхдөө биш тэдэнд хандах хандлагаа өнөөдрөөс эхэлж өөрчилж хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье.
М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:













