МБХ-ны хуралдаанаар зарим тамирчдын эрхийг хасаж, заримыг нь хөөжээ
Энэ сарын 2-ны өдөр монголын боксын холбооны удирдах зөвлөл хуралджээ. Уг хуралдаанаар нэлээн хэдэн асуудлыг хэлэлцэж шийдэлд хүрсэн байна. Тус хурлын шийдвэрээр эрэгтэйчүүдийн шигшээ багаас ОУХМ Х.Энхдэлгэрийн сонирхогчдын боксын тэмцээн тоглох эрхийг хассан байна. Тэрбээр өөрийн насаа гурван насаар хасч, дүүгийнхээ нэрээр тэмцээнд оролцож байжээ. Х.Энхдэлгэрийн жинхэнэ нэр нь Х.Энх-Амар юм байна.
Х.Энх-Амарын дасгалжуулагчаар ажиллаж байсан “Алдар” спорт хорооны багш дасгалжуулагч А.Гантулгын тэмцээнд оролцох эрхийг хоёр жилээр хасжээ. Х.Энх-Амар Казань хотод болсон Оюутны Универсад наадамд түрүүлэн, боксын спорт сонирхогчдыг баярлуулж байсан удаатай. Гэвч насаа нууж тэмцээнд ордог байсан нь Инчёны Азийн наадамд оролцохоор явахдаа Солонгосын хил гаалийнханд баригдсанаар илэрсэн байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар түүнийг сонирхогчдын рингэнд хүч сорих боломжгүй гэж шийдсэн тул мэргэжлийн бокст тоглох санал тавьж, тусалж дэмжихээ илэрхийллээ.
Мөн эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог гурван тамирчинг шигшээ багаас нь хөөжээ. Тэднийг Жэжүд болсон ДАШТ-д багийн дасгалжуулагчаа үл хүндэтгэж, түүний ур чадварыг голон, хэл ам таталж байсан гэсэн шалтгаанаар хассан байна. Шигшээ багаас хасагдсан тамирчид тэмцээн уралдаанд оролцохыг хүсвэл өөрсдөө зардалаа гаргах болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тамирчин бүсгүйчүүд Холбооноосоо уучлал хүсч, алдаагаа ойлгож засахыг хүсвэл МБХ асуудлыг эргэн харах аж.
URL:













