Д.Дагвадорж: Би үндэсний бөхөөр барилдаад дэмий

Үндэсний их баяр наадам, дөрвөн тэгш ой тохиож буй энэ жилийн баяр наадамд Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд 26 удаа түрүүлэн, их аварга цол хүртсэн Асашёорюү Д.Дагвадоржийг   Монгол бөхийн ногоон  торгон дэвжээнээ зодоглоно гэсэн мэдээлэл олон нийтийн дунд дэгдээд байсан.  Тэгвэл их аварга яг одоо Хүй долоо худагт  уяачдын галаар зочилж явна. Түүнтэй цөөн хором уулзаж баяр наадмын сэтгэгдлийг нь сонслоо.

- Та сайхан наадаж байна уу?
- Сайхан наадаж явна. Хүннү гүрний 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхт ойн баярын  мэнд нийт монголчууддаа хүргэе.

- Энэ жилийн баяр наадамд та хэдэн насны морь уяав?
- Дөрвөн насны морьд уялаа. Морьд сайхан давхиж байна.Найз нөхдийн бэлгэнд өгсөн хурдан хүлэг ч энэ жилийн баяр наадамд тоосоо өргөж байна. Түүнчлэн  аймаг орон нутгийн алдарт уяачид олон сайхан хурдан хүлгээ сойжээ.

- Танай галын морьдоос айрагдав уу?
- Өчигдөр манай галаас шүдлэн насны морьдын уралдаанд айрагдсан.

- Энэ жилийн баяр наадмаар таныг зодоглоно гэсэн яриа олон нийтийн дунд түгсэн. Та барилдах уу?
- Ямар нэгэн зүйлд хэмжээ хязгаар гэж байх ёстой юм.  Би үндэсний бөхөөр барилдаад дэмий биздээ.

- Д.Сумьяабазар аварга яагаад барилдсангүй вэ?
- Харин би бас мэдэхгүй юм. Аварга маань энэ жилийн  баяр наадамд яагаад зодоглоогүй юм бол доо.

- Цаг гаргасан таньд баярлалаа. Сайхан наадамлаарай.
- Түмэн олон минь сайхан наадаарай.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих