Гэр хороололд LCD телевизтэй айл байхад бэрх болжээ

65897Алаг эрээн даавуу, орны бүтээлэг, даавуунд зурагт, компьютер ороочихоод тэврээд гүйж яваа хүмүүстэй та бүхэн хаа нэгтээ таарч байв уу. Харин би хэд хэдэн удаа таарч байлаа. Миний  бодлоор,  тэдний  зарим  хэсэг  гэр орныхоо  эд  зүйлсийг  амьдрах  гэж  ядсандаа барьцаалан зэээлдүүлэх газар тавьж хэдэн төгрөгтэй болох гэсэн хүмүүс. Харин үлдсэн хэсэг нь иргэдийн өөрийн өмчлөл, орон гэрээ эзэнгүй орхисныг далимдуулан, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд хулгайн гэмт хэргээ үйлдээд бултаж яваа нь тэр. Гэмт этгээдүүд  айлд  хулгай хийхээр  орохдоо  хурдан  мөнгө  болгох,  авч  явахад  авсаархан  эд зүйлс  хулгайлах  нь  нэгэнт  тодорхой болсон  зүйл.  Тэгвэл  ийм  эд  зүйлсийг  зурагт тэргүүлдэг юм байна. Хэчнээн хямралын үе боловч шар нар, бор хоногийн хоолоо аргалан амьдарч байгаа орон гэрийнхээ  хойморт  үзэж  хараад  суух  телевизоргүй  монгол айл  ховор  биз. Тэр  дундаа сүүлийн үед LCD, LED зурагтгүй айл гэж бараг байхгүй болсон гэхэд худлаа болохгүй. Зарим айлуулын хувьд гэртээ ороод харахад “нүдийг нь дүүргэж” гялалзаж, гялтайх ганц зүйл нь гэхэд болно. Гэтэл хуруу хумсаа хугалах шахам байж авч тавьсан үнэтэй цайтай ганц эдийг нь урт гартнууд хээвнэг аваад явчихвал ямар санагдахыг та бүхэн төсөөлөөд үзээч.

-13 НАСТАЙ ХҮҮХЭД АЙЛЫН ЗУРАГТ ХУЛГАЙЛАН, “АМТШИЖ” БАЙНА-

Орон  байрын  хулгайн  хэрэг  гарах нь цөөрч, харин хотын гэр хороололд хулгай гэмт хэрэг үйлдэгдэх нь нэмэгдэх болсон байна. Гэтэл нийгэмд болгоомжлол дагуулаад байгаа тэдгээр урт гартнуудын нас улам залуужих болжээ. Орон байрны  хулгай,  тэр  дундаа  айлын  үнэтэй  цайтай  зурагт, компьютер  хулгайлдаг этгээдүүдийн дийлэнх нь бага насны буюу 14-18 хүртэлх насны хүүхдүүд байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Зарим  тохиолдолд 10-13 настай  хүүхдүүд  ч  ийм  хэрэгт  холбогдох болсон байна. Тэд бусдын ятгалгад орж, уруу татагдан хулгайн хэрэг үйлдэх болсон нь түгээмэл байдаг бөгөөд зарим эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулах байтал харин ч эсрэгээрээ үр хүүхдээ зөнд нь хаяж, бусдын эд зүйлсийг хумслаад байгааг нь мэдсээр байж мэдэхгүй царайлан амьдардагийг эх сурвалж хэлж буй юм. Саяхан  миний  танил  руу  цагдаагийн  байгууллагаас  утасдаж  дүү  нь  айлын  телевизор хулгайлдаг  байсан, одоо  баригдаад  цагдаагийн  хэсэгт  ирчихсэн  байгаа  талаар  хэлжээ. Гэтэл юугаар ч дутаалгүй өсгөсөн дүү нь ийм хэрэг хийсэн гэдэгт итгэж өгөхгүй байсан танил маань “шок”-нд орсон билээ. Яг юу болсон талаар дараа нь сонслоо. Тэр хүүхдийг мөнгөгүй болоод явж байхад гэрийн хаалгаа томоос том цоожоор цоожилсон ч хашааны хаалга нь хагас  онгорхой айл байхыг харсан юм байх.  Тэр үед л түүнд гэнэт хулгай хийх бодол төрсөн гэх. Ингээд тэр айлаас сүүлийн үеийн үнэд хүрэхүйц телевизорыг нь хулгайлан авч, ломбардад аваачиж зараад, 160 мянган төгрөгтэй болж. Амташсан хэрээ 13 дахина гэдэг үг байдаг даа. Анхны гэмт хэрэг нь хэнд ч мэдэгдэхгүй өнгөрсөнд олзуурхсан  тэрээр  болдог  юм байна,  ингэвэл  мөнгөтэй  болох юм байна гэх шуналт бодолдоо хөтлөгдөн гэр хороололын айлуудын зурагт тонох ажлаа эхлүүлжээ. Гэвч худал, хулгай хэзээ нэг цагт илэрдэг хойно. Тэр хүүхдийг 5-6 дахь давтан үйлдэл дээр нь цагдаа нар барьсан юм билээ. Тэрүүхэн үедээ хулгай хийж, хэдэн төгрөгтэй болсон ч гэсэн эцэстээ гэр бүлийнхнээ хэдэн сая төгрөгийн өрөнд оруулж, өөрөө торны цаана сууна гэж тэр хүү төсөөлөөгүй л байх.

Эрүүгийн хуулийн 145.2-т “Хулгайн гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан,  олон  тооны  мал  хулгайлсан  бол  эд  хөрөнгийг  хураах  буюу  хураахгүйгээр хөдөлмөрийн  хөлсний  доод  хэмжээг  51-250  дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

-ХУЛГАЙН  ЭД  ЗҮЙЛ  ГЭДГИЙГ  НЬ  МЭДСЭЭР  БАЙЖ  АВСАН  БОЛ  МӨН  Л ХЭРЭГТЭН БОЛНО-

Гэр  хорооллын зарим иргэд  манайх  эзэнгүй  шүү  гэдгээ  зарлаж  байгаа  мэт  томоос  том цоож зүүгээд, хашаагаа онгорхой хаячихаад яваад өгдөг. Гэтэл энэ нь хулгайч нарт маш том олз болдгийг цагдаагийнхан халаглан хэлж сууна. Тиймээс гэр хорооллын иргэд далд цоожтой болгох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Орон сууцны айлуудын хувьд ч тэр ялгаагүй. Хулгайчид цонхны нь порчик болон муу бүргэд хаалгыг хөшиж онгойлгон орж хулгай хийх нь элбэг байдаг аж. Цагдаагийн  байгууллагаас  энэ  байдалд  анхаарлаа  хандуулж  арга  хэмжээ  авч  ажиллаж байгаа юм. Тодруулбал, барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудад шалгалт хийсэн. Гэтэл  үүний үр  дүнд  журам зөрчиж,  хулгайчидтай  үгсэн  хуйвалдаж,  хулгайн  эд  зүйлс байнга  авч  борлуулдаг  2-3  ломбард  байсныг олж тогтоон,  шалгалт  хийж  эхэлсэн  байх жишээтэй.  Мөн Нарантуул, Хархорин гэх мэт захууд дээр цахилгаан бараа зардаг ченж гэх хүмүүс ч хэт хямд үнэтэй, хулгайн гэдэг нь мэдэгдэхүйц эд зүйлсийг санаатайгаар авч борлуулсан тохиолдлууд гарсныг илрүүлэн, тухай бүрт нь шалгалт хийж ажиллаж байгаа юм билээ. Эрүүгийн хуулийн 151-р зүйлд хулгайн эд зүйлсийг авч борлуулсан, ашигласан бол энэ нь гэмт хэрэг болж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалттай. Гэтэл үүнийг мэдсэн ч мэдээгүй царайлан авсан хүмүүс өөрсдөө мөн л гэмт хэрэгтэн болж буй юм.

Б.ЦЭЛМЭГ /medee.mn/


URL:

Сэтгэгдэл бичих