Анхан шатны шүүхээс М.Наранбаатарыг буруутайд тооцжээ
МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар энэ сарын 8-ны өдөр МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр, МҮОНТ-ийн захирал Д.Энхтуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ингэхдээ Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан, болон программд батлагдаагүй нэвтрүүлэг оруулж, эфирийн ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэлээр халсан бол Ё.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж хувийн техник хэрэгслээ телевизэд өндөр үнээр нийлүүлэхийг завдсан гэх үндэслэлийг гаргаж тавьсан.
Харин албан үүргээсээ чөлөөлөгдсөн дээрх албан тушаалтнууд үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзсэн шүүхэд хандаад байсан юм.
Уг хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёдугаар шүүх хэлэлцэж үндэслэлгүйгээр, хууль бус халаа сэлгээний томилгоо хийсэн гэж үзсэн байна.
Тодруулбал, Ё.Батбаяр, Д.Энхтуяа нарыг эгүүлэн ажилд нь томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэрийн гаргажээ.
Түүнчлэн үндэслэлгүй халагдсан дээрх хоёр захирлын орон тоон дээр хууль бусаар сонгон шалгаруулалт явуулахгүй байхыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатарт сануулжээ.
Гэхдээ өчигдөр сонгон шалгаруулалт явуулж ҮОНРТ-ийн дэд захирлаар Ц.Лхагвадаш, захирлаар О.Батцэнгэл нарыг томилсон юм.


С.Ууган http://www.gereg.mn/news/3086/
URL:














