Атаархлын ерөндөг
Ий мангас. Ногоон нүдтэй мангас… Залуу нас үзэсгэлэн гоог тань юу ч үгүй залгичихдаг мангас. Сэтгэл дотроос түймэрдчихээд, өөрөө шатаж үхдэггүй мангас. Алж ч алалцуулж ч мэдэх мангас. Харин өөрөө мөнх настай мангас…
Айлаа юу? Тийм ээ та айгаагүй. Арван толгойтой мангасаар айлгадаг моод үеэ элээчихээд байхад яахан та бид ганц толгойтой мангасаас айгаа аж дээ. Гэвч…
Нэг залуухан бүсгүй орцондоо сүнс нь хальж, нэг сайхан бүсгүй шоронд үс нь цайх болсон гээд өгүүлбэрээ дуусгаагүй байхад манайхан татварын бүсгүйчүүдийн эмгэнэлийг андахгүй санах байх. Бие биенээ шалзалж тоглосон найзуудын хэрэг гэхээр “наран талын яс халуун” гэгчээр хошин урлагийнхны яс нь хавталзах байх даа. Дэндүү болчимгүй энэ мэт хэргийн эзэнгүй эзэн нь хэн юм бол?
Гэмт хэргийн мөрдөн байцаалт, илрүүлэлтийн талаар мэдээ мэдээлэл нийтэлдэг www.crimefeed.com хэмээх Америкийн нэгэн сайтад зөвхөн атаархлаас болж хэрэг үйлдсэн топ 7 алуурчны нэрийг жагсаажээ. Энэ нийтлэлээ “Атаархлын ногоон нүдэт мангасанд хазуулсан топ-7 алуурчин” гэж нэрлэсэн байх юм. “ Green-eyed monster” энэ хэлц англи хэлнээ атаа жөтөө, хардалт гэсэн утгыг илэрхийлдэг. Ногоон өнгө өвчтэй сул доройг илтгэдэг төдийгүй өвчин дээд цэгтэй хүндэрсэн үед хүний биеийн арьс шар ногоон болдог тул ногоон нүд гэсэн байна. Түүнчлэн атаа хорслын тухай “Венецын худалдаачин” зохиолдоо Шекспир “…жихүүцэс айдас, атаа хорслын ногоон нүдэн, өө хайр минь дээ” ийнхүү дүрсэлж, хожим нь “Отелла” жүжигтээ ч “атаархлын ногоон нүдэн” гэх зэргээр шүлэглэж байсан зэрэг нь англи хэлний ийм хэлц үг үүсэх шалтаг болсон гэнэ.
За ингээд ногоон нүдэн мангасын хэргүүдээс хальт дурдъя.
1. Ангийнхан нь “Дур булаам охин” гэц цоллоод байсан 17 настай Кристина Паулило гэгч охин атаархлаас болоод хамгийнхаа дотно хоёр найз охиноо зэрлэгээр амийг нь хөнөөжээ.
2. 11 настай хүү 7 сартай дүүдээ атаархаж ээжийгээ эзгүйд гурван удаа толгойгоор нь юм мөргүүлж амь насыг нь хороожээ.
3. Исаиа Александр Бостон гэгч жентльмен залуу нялх үрийнхээ ээжийг гудманд нэг эрэгтэйтэй явж байхыг хараад галзууртлаа хардаж залуугийн араас нь цохиж алжээ.
4. Шелли Нанс гэх бүсгүй найз залуутай нь нэг өрөөнд суудаг нэгэн гей залууд 40 удаа хутгалуулж амь эрсэджээ. Алуурчныг хохирогч охины найз залууд талтай ижил хүйстэн байсан тул энэ хэргийг хайр дурлалын гурвалжингаас үүссэн атаа хорсол гэж онцолжээ.
5. Тиана Брон гэгч алуурчин үеэл охиныхоо биеийн тамирын шаахайд атаархан 49 удаа хутгалж амийг нь хороочихоод, хөлнөөс шаахайг нь суга татан авч, гэрээс нь камер гэх мэт цахилгаан хэрэгсэл авч гараад хэнэг ч үгүй найзуудтайгаа наргиж байжээ.
6. Мингдон Чиний үеэл нь түүнийг санхүүгээр хөл дээр нь босгохоор Ченийг Хятадаас ирэхэд нь Брүүклинд эцэг эхтэйгээ амьдрахыг зөвшөөрчээ. Гэтэл Чен үеэлийнхээ энэ намуун амьдралд нь атаархан түүний эхнэр дөрвөн хүүхдийг нь хэрцгийгээр хутгалж амь насыг нь хороожээ.
7. Гертруд Банизевски гэгч нэгдүгээр зэргийн алуурчин авгай 16 настай охиныг зэрлэг балмадаар хөнөөхдөө төрсөн охин хүү хоёроороо хамжуулсан гээд боддоо. Өөрөөс нь хавьгүй залуу, үзэсгэлэн төгс царайтай бас онгон байсан гэдэгт нь атаархаж энэ хэргээ үйлджээ.
Чихүүдэс хүрэм энэ аймшигт хэргүүдийг ажлын тайлангаа тавих мэт энгийн хүүрнэсэндээ хүлцэл өчье. Атаа хонзонгоос үүдсэн гэмт хэргийг жагсаагаад байвал энэ дэлхийн бүх хэргийг бичих хэрэгтэй байх. Нэг ч гэмт хэрэг өөр сэдэлгүй. Хөөгөөд судалвал бүгд л ард нь атаа жөтөө, хардалт байгаа байх.
Атаа жөтөө гэгч хүмүүсийн энэ дэлхийд хөөгдөж ирсэн шалтгаан юм шигээ. Дээрх хэргүүдийг л харахад алуурчид ихэнх нь залуус багачууд. Тэгэхээр энэ нийгмээс олдмол биш төрмөл өвчин байх нь ээ. Гагцхүү тэр төрөлхийн вирусыг сэдрээхгүй намжаах “бэлдмэл” хэрэгтэй. Энэ төрлийн мангасан вирус зөвхөн гэмт хэрэгтнүүдэд л хамаатай биш. Аль ч насны, нийгмийн ямар ч түвшингийн бүх хүмүүс энэ өвчнөөр баглуулчихаад, түүндээ бачуураад явцгааж байна. 3 настай бяцхан охин гэртээ уйлж орж ирнэ:
-Яасан миний охин?
- Туяа шинэ хүүхэлдэй тэвэрчихэж…
- Тийм үү. Миний охин удахгүй тэрнээс гоёыг авна аа, за…
Тэнгэрээс л атаархлын вирус тээгээд ирсэн байгаа биз. Гэтэл ээж нь яасан. Тэр өвчнийг нь эмчлэх үг биш сэдрээх үгийг ийм багаас нь хэлж байна шүү дээ. Уг нь: “Тийм үү. Туяаг хүүхэлдэйгүй байхад миний охинд хүүхэлдэй байсан тийм ээ. Мундаг юм аа. Миний охины хүүхэлдэй чинь дүүтэй болж байгаа юм байна шүү дээ. Баяр хүргэе охиндоо.” Ээж ингээд хэлчихсэн бол охиныхоо тэнгэрээс тээж ирсэн атаархлын вирусыг эмчлэх байлаа…
Дэндүү сайхан бүсгүй зөрөөд өнгөрнө. “Ямар гоё хөлтэй юм бэ” гэж бахархаж амжаагүй байтал атаархлын оч хаялаад одно. Тэгэнгүүт л “ногоон нүдэт” унгасна…
Нүдэнд харагдахгүй мөртлөө хүнийг дотроосоо гэрэлтэх гэрэлгүй болгож, дотроос чинь идэж сэтгэлийг чинь бөхөөгөөд, эцэстээ бусдыг хэрцгийгээр тамлан хорооход хүргэдэг махан бие сүнс хоёрыг хоёуланг хөнөөгч энэ ногоон нүдэн мангас гэгч хавдарын эсрэг ерөндөг юу юм бол?
Энэ хавдар газар авч, нийгмийн давхарга бүрт хэр хэрд нь таарсан зовлон авчраад санаа нь амар, магнай тэнэгэр явах нэг хүн ч олдохгүй он цагийн хэлхээнд цагаасаа эрт үхэж, цог золбоо гэрэлтдэг насандаа жөтөөрхлийн оч шидэлж, наснаасаа эрт бууралтаж байна. Дотор гаднагүй сэндийчээд нэг хором ч амгалан байлгахгүй атаархал гэгч энэ өвчнөөс ангижрах ерөндөг харин хүн болгонд өөрт нь зөвхөн байна аа.
Өөрт байгаа давуу бүхэндээ талархаж бас дахин талархаж, бусдад байгаа сайхан бүхнийг магтаж бас дахин магтахад л энэ вирус ул мөргүй арилж, энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай хүн та болж хувирна гэдгийг мэдэх үү? Хүмүүн танд хэнд ч байхгүй юм бүхэн байна. Таны харцыг үргэлж цэлмээх, таны бодлыг үргэлж огшоох танаас өөр хэнд ч байхгүй “талархал ба магтаал” гэдэг ерөндөг гартаа атгачихсан та хичнээн баян юм бэ?
Ч.Өлзийням
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:













