Ч.Санжаадамба vs Ц.Содномдорж
Монгол Улсын заан Ч.Санжаадамба болон харцага Ц.Содномдорж нарын 2011 оны ТӨРИЙН наадмаас хойш хоорондоо томоохон барилдаануудад 9 удаа хүчийг үзжээ.
Тухайн хоёр бөх улсын цол авахаасаа өмнө хоорондоо нилээд хэдэн удаа таарч барилдсан бөгөөд тодорхой эх сурвалж, баримт материал дутмаг тул тэрхүү барилдааны үр дүнг оруулж чадсангүй.
Энэхүү хоёр хүчтэн маань 2011 оны Үндэсний Их Баяр наадмаар Монгол Улсын Заан, Харцага цолыг хүртсэн билээ. Тэрхүү наадмын бөхийн барилдааны 7-ийн даваанд тунан барилдаж тухайн барилдаан ихээхэн маргаан будлиан дагуулж Ч.Санжаадамбыг давсанаар тооцсон. Үүнээс хойш МҮБХ-оос Монгол Үндэсний бөхийн барилдааны дүрмэнд тодорхой өөрчлөлт оруулсан байдаг.
2011 оны 7 сарын 12-оос хойш 2015 оны 1-р сарын 13 хүртэлх хугацаанд томоохон ойн болон нэрэмжит барилдаануудад нийтдээ 9 удаа таарч хүч үзэхэд түүний 7 барилдаанд тунаж, 2 барилдаанд түрүү булаалдан барилджээ. Цолны эрэмбээр заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдоржийг огт амлаж байгаагүй нь түүний гол өрсөлдөгч гэдгийг батлана. Барилдааны харьцаа өнөөдрийн байдлаар Ч.Санжаадамба 5 удаа өрсөлдөгчөө өвдөг шороодуулсан бол Ц.Содномдорж 4 удаа тахим авсан байна. Хоёр бөхийн барилдаан лав барьцтай үед Ч.Санжаадамбад ашигтай бол цэрвүү барьцтай байдлаас Ц.Содномдоржид илүү ашигтай байгаа нь дээрх үр дүнгийн мэхний хувилбаруудаас тодорхой харагдана.
Нэгэн зүйлийг дурьдахад 2013 оны 11-р сарын 26-аас хойш сүүлийн жил гаруй хугацааны 20 орчим барилдаанд огт таарч барилдаагүй байна. Энэ нь Ц.Содномдоржийн 2014 оны цагаан сараас хойш барилдах эрхээ хасуулсан 4 сарын хугацаа болон түүний наадмын дараах бэртэлтэй холбон тайлбарлаж болно. Харин 2014 оны 10-р сарын дунд үеэс харцага Ц.Содномдорж бөхийн өргөөнд идэвхитэй барилдаж эхэлсэн ба энэ үед заан Ч.Санжаадамба гарны бэртлийн улмаас Япон улсад хагалгаанд орсон. Өөрөөр хэлбэл хоёр хүчтэн маань заал танхимын барилдаанд өндөр даваанд таарах магадлал дээрх шалтгаануудын улмаас илт буурсан. Гэвч 2015 төрийн наадамд 2 дахь удаагаа зургаа юм уу долоогийн даваанд тунаж барилдах өндөр магадлалтай. Хэн давсан нь төрийн наадмын түрүү хүртэх биз ээ.
Бэлтгэсэн: Э.Алтанболд
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/477
URL:













