Н.Энхбаяраас туурга тусгаарлагсад нам байгуулахаар болжээ

Саяхан даа, шинэ цагийн хуучин коммунистууд “хувьсгал” гэдэг үгнээсээ ихэд ичин МАХН гэж байснаа МАН хэмээх даруухан нэрийг Г.Баасан ламаас авчихсан. Харин “хувьсгал” гэдэг үгэнд ясны хайртай дүрд тоглосон “коммунист” Н.Энхбаяр МАХН хэмээх нэрийг он дамжуулан хөөцөлдөж байж, улс төрийн ямар нэгэн тохиролцоогоор өөрийн болгож авав. Харин Н.Энхбаяр нэрээ нэгэнт өвөртөлсний маргаашаас эхлээд ярьж байсан зүйл нь өөрчлөгдөж, зан нь хувирав.  Нэр  авах гэж зовлон жаргалаа хамтдаа эдэлж явсан нөхдөдөө танигдахаа болив. Тэгэхдээ бүр “Манай нам МАН, АН гээд хамтарч ажиллана гэсэн хэн болгонд үүд хаалга нь нээлттэй. Улс төрийн ямар ч нөхцөлд хамтарч ажиллахад бэлэн” хэмээн үнэн нүүр царайгаа харуулчхав. Уг нь үүнээс нэгхэн сарын өмнө төрд байгаа хамгийн том олигархиудыг нэрлэж бүгдийг нь шаргал ордноос хөөнө гэж зогссон хүн шүү дээ.

Тиймээс МАХН-ын нарийн бичгийн дарга нар албан ёсны хурал зарлаж, Н.Энхбаяртай цаашид хамт явах аргагүй болсноо мэдэгдсэн. Баяр наадмын өмнөхөн болсон хурал дээр МАХН-ын нарийн бичгийн дарга Ю.Атар, Д.Өрнөхбаяр нар “Бид улс төрийн өөр зорилго хүсч байсан. Түүнээс биш нам байгуулаад мөн л бусдын ижил явах юм бол хэрэг алга. Н.Энхбаяр дарга хуучин шигээ өнөөх авлигачдаа хамтрахыг урьсан учраас бид цаашид хамтарч чадахгүй” гэдгээ мэдэгдсэн юм. Тэр ч бүү хэл Д.Өрнөхбаяр “Угийн луйварчин хүн луйварчнаараа л дуусдаг юм байна. Бид Н.Энхбаяртай олигархи засаглалыг засч залруулъя гэж нийлсэн болохоос биш тэдний тоог нэмэх гэж нийлээгүй” хэмээсэн.

Харин тус намын Гадаад бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Молор-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард “Би Н.Энхбаяр, М.Энхсайхан гэсэн улс төрийн хуучин фигуруудтай цаашид хамтрахгүй” гээд замаа хөөснийг уншигч олон санаж буй. Манай нийгмийн гайгүй сэхээтэн лиг залуусыг Н.Энхбаяр уран гоё үгээрээ татаж чадсан ч өөрийн увайгүй зангаасаа болж ийнхүү алдсан. Улс төрд Н.Энхбаярыг даган хошуурч байсан залуус гэнэт яагаад нүүр буруулах болсон нь мэдээж хэрэг олны анхаарлыг татсан. Харин эдгээр залуус нийлэн нам байгуулахаар шийджээ. Тэдний нам байгуулах болсон гол зорилго нь Монголын улс төрд өөр өнгө аяс оруулах, олигархи засаглалыг устгах гэсэн. Ерөнхийдөө улс төрөө цэвэршүүлье гэсэн санаагаа нэгтгэжээ. Түүнээс биш улс төрийн хуучин, шинэ ямар нэгэн нөхөдтэй хутгалдахгүй гэдгээ ч хэлсэн байна лээ. Тэд анх МАХН-ын түр штаб байгуулж байхдаа “Хамаг Монгол” хэмээх тунхаг бичиг гаргаж байсан юм. Түүнд дурьдсан зүйлүүд нь ерөнхийдөө шинэ намын үзэл бодол байх болно гэж эх сурвалж хэлсэн.

Тэр ч бүү хэл шинэ намын нэрийг “Хамуг Монгол” гэж нэрлэхээр ярилцаж байгаа ч хараахан шийдэлд хүрээгүй гэнэ лээ. Учир нь хамаг гэдэг үг нь хам угтай гэсэн үг бөгөөд хамтаараа гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Тиймээс тэд нар жинхэнэ улс орон, ард түмнийхээ төлөө гэсэн нам байх болно гэдэгтээ ихэд итгэлтэй байгаа ажээ. Аливаа улс төрийн хүчин бүү хэл өчүүхэн төдий байгууллага бий болсон ч заавал хөрөнгө санхүүгийн асуудал зүй ёсоор тулгардаг. Энэ талаар лавлахад “Бидэнд бодсон санасан зүйл бий. Ард түмний дунд хандивын сан аялуулна. Эргээд ард түмэндээ ямар нэгэн хэлбэрээр төлөгдөх чанартайгаар хандивын сан нээнэ. Хандив өргөсөн ард түмэндээ нийцүүлсэн нэг хууль санаачлах ч юм уу, болохгүй байгаа хууль дүрмийг тэдний амьдралд нийцүүлж хийх замаар хандиваар цугларсан мөнгийг эргэн төлнө. Түүнээс биш хэн нэгэн уул уурхайн эзнээс мөнгө авахгүй. Хэн нэгэн улстөрчөөс мөнгө гуйхгүй. Ав гээд сарвайсан ч авахгүй. Бид ийм цэвэр хөдөлж байж цэвэр улс төрийг бий болгоно. Гадны улс орноос ч мөнгө авахгүй, тэр ч бүү хэл бид геополитекийн асуудлыг цэгцэлнэ” хэмээсэн юм.

Түүнчлэн Н.Энхбаяраас татгалзсан нарийн бичгийн дарга нартай МАХН-ын түр штабад ажиллаж байсан зарим нөхөд нэгдэхээ мэдэгдсэн аж. Нийгмийн гайгүй сэхээтэн лиг залуусыг уриалж байгаа бөгөөд энэ хэрээр тэдний үзэл бодлыг дэмжсэн боловсролтой залуусын хүрээ нэмэгдэж байгааг ч эх сурвалж дуулгав. Тэр ч бүү хэл өнөөгийн парламентад байгаа зарим залуу улстөрчдөд цэвэр улс төрийн тухай санал тавьсан. Өөрөөр хэлбэл, хамтарч ажиллахыг уриалжээ. Цаадуул нь ч хамтарч ажиллахаас татгалзахгүй гэдгээ хэлсэн юм байна. Өнөөгийн парламентад сууж байгаа зоригтой, боловсролтой залуу гишүүд намын дарамт их байгааг ч сэтгэл уудлан ярьжээ. Юутай ч ирэх сард нэгэн шинэ улс төрийн хүчин төрж, сэхээтэн лиг залуусыг байлдан дагуулах аж.

С.УУГАНБАЯР


URL:

Сэтгэгдэл бичих