Хятадын ажилгүйчүүдийн тоо зургаан саяд хүрчээ

НҮБ дэлхийн хэмжээнд идэвхтэй ажил хайж буй 81 сая залуу байгааг тогтоожээ. Судалгаанаас харахад ихэнх оронд настай хүмүүсээс илүүтэй 15-24 насныхан ажилгүй байгаа юм. Хүн ам ихтэй Хятадын хувьд энэ үзүүлэлт бусад улстай харьцуулахад гурав дахин өндөр аж. Өөрөөр хэлбэл, Азийн хүчирхэг луу ажил хайж буй залуусынхаа тоогоор толгой цохиж явна.

Иймээс тус улсын ажилд зуучлагч байгууллагуудад жинхэнэ халуун тэмцэл өрнөдөг байна. Хамгийн жижиг үзэсгэлэн яармагт гэхэд доод тал нь 200 гаруй аж ахуйн нэгж оролцдог. Тэдний дунд өндөр шаардлага бүхий гутал тослогч хайгсад хүртэл бий. Засгийн газраас ажлын байр, хөдөлмөрийн зах зээлийг зохицуулдаг байдал 1981 онд эцэс болж тус улсын хувийн хэвшил дэлхийд хоёрт орох том зах зээлийг богино хугацаанд бүтээн босгосон.

Ажил хайж буй иргэдийн дийлэнх хувийг дөнгөж сургууль төгссөн, мэргэжлийн үнэмлэхтэй залуус эзэлдэг. Үүний шалтгааныг “Зарим залуус эзэмшсэн мэргэжлийнхээ талаар наад захын мэдэгдэхүүнгүй байдаг” хэмээн тайлбарладаг байна. Харин өнөөдөр тэдний тоо зургаан сая давж 20 жилийн өмнөхийг бодвол зургаа дахин нэмэгджээ.

Гэхдээ Хятадын эдийн засаг ажилгүйдлийн төвшин өсч байгаа гэх бодол хэнд ч төрөхөөргүй үсрэнгүй хөгжиж байна. Хөдөлмөрийн биржийн захирал нь “Өмнөх жилүүдийг бодвол ажлын байрны тоо хурдтай нэмэгдэж байгаа. Гэвч ажил олгогчдын шаардлага чангарч, өрсөлдөөн улам ширүүссэн. Энэ жил 16 мянгахан ажлын байран дээр 1.4 сая хүн өрсөлдөж байгаа” гэжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар цагаан гартнуудын тоо өсөхөд нэг хүүхэдтэй байх бодлого багагүй нөлөөлжээ. Хоёр талын өвөө, эмээ, аав ээж гээд зургаан хүний бөөцийлөлд багтсан айлын ганцууд дээд сургуулиудын ачааллыг илтэд нэмжээ. Тиймээс ч эрх баригчдын зүгээс сүүлийн үед дээд боловсрол эзэмших гэсэн нийгмийн давалгааг хазаарлах бодлого хэрэгжүүлж эхэлжээ.

“Зах зээлийн шингээх чадвараас хэтэрсэн олон хүн дээд сургууль төгсч байгаагаас энэ бүхэн үүдэлтэй” хэмээн Бээжингийн нэр хүндтэй зах зээлийн шинжээч өгүүлсэн байна. Үүнийг батлах мэт Маркетингийн менежерийн диплом гардсан 24 настай Жан Хуэй Ли “Бээжинд ажил олох өвснөөс зүү хайхтай ижил. Би жил гаруйн хугацаанд 30 гаруй газар хүсэлт гаргасан. Манай найзуудын зарим нь 100 гаруй газар хандсан” хэмээн ВВС-д ярьсан байна.

Ж.Баярмаа


URL:

Сэтгэгдэл бичих