С.Баярцогтыг огцруулах асуудлаар завсарлага авав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авав. Тус бүлгээс энэхүү асуудлыг дахин тодруулах шаардлагатай гэж үзсэн байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлэхдээ “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авч байгаад туйлын харамсаж байна. Өнгөрсөн хоёр өдөр хувь хүнийг гутаах, Засгийн газрын нэр хүндийг гутаах ажлыг хангалттай хийлээ.
Л.Цог болон Г.Уянга нарыг уучлалт гуйгаад энэ төслөө татаж авах гэж байна гэж ойлгосон. Би бас адилхан сонгогчидтой, аав ээжтэй хүн. Та нарын доромжлол хэрээс хэтэрч байна. Би Ёс зүйн хороонд, шүүхэд, Үндсэн хуулийн цэцэд хандана” гэв. Мөн тэрбээр АНУ-ын “Painter Law Firm” гэх хуулийн фирмээс зөвлөх үйлчилгээ авахдаа зарцуулахаар 17.5 тэрбум төгрөгийг төсөвт тусгаж, үүнээс 450 орчим сая төгрөгийг нь урьдчилгаа хэлбэрээр олгосон нь өмнөх Засгийн газрын үед гарсан шийдвэр гэдгийг хэлсэн юм. Үүний зэрэгцээ УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Хөгжлийн банк болон холбогдох бусад байгууллагуудын бичиг баримтуудтай үзэж танилцах боломжтой гэлээ.
Б.Туул
Эх сурвалж:

URL:





