“Нутаггүй” гишүүд
Үндэсний их баяр наадмаар дөрвөн тэгш ой тохиож, ард олон маань сайхан наадлаа. Энэхүү баярын уухай тасраагүй байхад 10 аймгийн ой цувран болж байна. Эдгээр ойн баяр сонгуулийн өмнөх жил болж байгаагаараа нэн онцлогтой. Түшээд маань сонгогдсон аймгийнхаа ойн баярын хойморт хэлхэгэр дээлтэй тухалж, нутаг зонынхондоо инээмсэглэл бэлэглэн суугаа нь их л золбоолог харагдана.
Сонгуулийн өмнөх жил өөрсдийгөө ийнхүү рекламдаад авна гэдэг олдошгүй их завшаан. Нутаг усныхан нэгэн дор чуулсан баяр наадмын хойморт хийсэн бүтээсэн болон ойн баярт бэлэглэсэн зүйлээ зарлуулан сууна гэдэг аргагүй л ховор завшаан мөн.
Харин хөөрхий хотын гишүүд маань яг л “нутаггүй” улс шиг эзгүй ордноо хаа нэг эргэсэн шиг л сууна. Ямар манай орцны, гудамжны төдөн жилийн ой гэлтэй биш дээ, эзгүй ордноо эргэж, гунихран суухаас яахав.
Нэрт зохиолч Б.Догмид нэгэнтээ “Улаанбаатарт төрсөн хүн ямар орцоо санаад сэтгэл гэгэлзээд гэлтэй биш дээ. Сэтгэл эвгүйтэхэд төрсөн нутаг усаа гээд давхиад очих газаргүй юм даа” гэсэн нь бий. Үнэхээр аль ч аймаг хотоос сонгогдсон гишүүдийг урихгүй шүү дээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн ойн баяр болсон. Хөвсгөл аймгаас сонгогдсон Л.Гүндалай телевизээр ярилцлага өгч, наадамчин олны дунд тун ч тааламжтай алхаж харагдана билээ. Харин Ц.Сэдваанчиг гишүүн “Монгол мал” хөтөлбөрөө наадмын дундуур хэдэнтээ сурталчилаад авна лээ, сэргэлэн гар шүү. Нэг цэгийн үйлчилгээ гэдэг шиг нутаг зон нэгэн дор ингэж цугларна гэдэг тун ч ховор.
Гишүүдээс гадна ирэх сонгуульд суудал горьлогчид гэж хөгийн лүднүүд байна шүү. Манай гал тогооноос улс төр рүу хальтраад байгаа сэтгүүлч Д.Сарангэрэл гишүүдээс дутах юм нэг ч алга. Шинэ цолтонд дурсгалын зүйл гардуулж, инээд бэлэглэн зогсч байгаа нь шуудхан л УИХ-ын гишүүн шиг харагдана лээ. Ер нь шинээр нэрээ дэвшүүлэхээр санаархагчид өөрсдөдөө тойрог хуваарилаад өөрсдийгөө нэр дэвшигчид гэж бүрэн итгэчихсэн явж байх шиг. Зарим нь бараг л гишүүн болчихсон юм биш үү.
Харин Сэлэнгэд С.Баярцогт сайд тэргүүтэй нөхөд найрын хойморт чанга яригчаар хийсэн бүтээсэн ажлаа сурталчилуулж, ойн баярт хувь нэмэр оруулснаа зарлуулж байсан. Нөгөө талд Өмнөговь аймгийн хэд “Ажнай”-тай хамтарч байгаад өөрсдийгөө зад рекламдана билээ. Гэтэл хөөрхий хотын хэд хөдөөний хэдээ яаж аяглаж байгааг зурагтаар харж битүүхэн атаархаж суусан биз.
Л.Гүндалай гишүүнийг соёолонгийн тоосонд хийморь сэргээж явахад Х.Тэмүүжин халуунд аахилах нохой харан нозоорч зогссон нь дамжиггүй. Өмнөговийн Х.Бадамсүрэн гишүүн эрлийз адуугаа нутгийнхаа ойн уралдаанд шургуулчих санаатай явахад энд Л.Гантөмөр гишүүн хэн ч мэдэхгүй нэгэн хууль чуулганд шургуулчих санаатай нухаж суусан байх. Гэхдээ “нутаггүй” хэд бас сэргэлэн шүү. Ц.Батбаяр гишүүн өнөөх “бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг шиг цаадуулыгаа байхгүй хойгуур хэвлэл мэдээлэл, телевизийн хоймор эзлээд галзуурч байгаа харагдана лээ. Харин Д.Батбаяр нь эхнэр хүүхэдтэйгээ дээлээр ижилсэн сонины нүүрээр инээмсэглэж гээд амьд хүн аргатай гэдгийг харуулж л сууна.
Улаанбаатараас нэрээ дэвшүүлэх ч бас л хэцүү юм даа. Нутаг ус төгссөн сургууль төрсөн сумын ой болж, хөдөөний гишүүд найрын хойморт төвөг багатайхан өөрийгөө сурталчилж суухад хүрээний хэдийг хэн ч урихгүй, чуулган эхлэхийг хүлээн чилийж суух юм даа.
Одоо ирэх амралтын өдрүүдэд Дорноговь, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Дундговь гэсэн аймгуудын ойн баяр болно. Бас л “нутаггүй” хэдийг дороо хавчигнахад хүргэнэ дээ. Я.Батсуурь, Ж.Батсуурь хоёр бүр Дорноговь, Говьсүмбэр гэсэн хоёр аймгийн ойн баярт тэлээ хурга шиг цатгалдаж явах нь. Мөн ч их завшаан шүү дээ. Д.Тэрбишдагвыг Сонгинохайрханы орой ширтэн санааширч суухад Г.Батхүү Өвөрхангайн наадамд ерөөлөөр сэржим өргөж, Д.Очирбатыг Чингэлтэй уулыг тахих тухай бодож суухад Р.Раш Дундговийн түрүү бөхтэй дурсгалын зураг татуулж, Ц.Батбаярыг “Ургах наран” хорооллынхоо байрыг шахах гэж үйлээ үзэж явахад Д.Одбаяр Халхын голын ай савыг доригтол найрлаж, Г.Баярсайханыг ирэх өвлийн утааны тухай шаналж суухад З.Энхболд эртний их Хархорин Да хүрээг холбосон их сонгуулийн чимээг эхлүүлж гээд хөдөөгийн гишүүд галзуурна даа.
Уг нь Д.Тэрбишдагва тэргүүтэй Сонгинохайрханы хэд Сонгино уулаа, Г.Баярсайхантангууд Чингэлтэйгээ, Ц.Батбаяртангууд Баянзүрхээ, С.Эрдэнэ нар Богд Дүнжингарав уулаа тахихад болохгүй зүйлгүй. Яадаг юм, морь уралдуулж, бөх барилдуулахад тэднээс дутах юм юу байна вэ. Ингэж “нутаггүй” царайлж суухаар бид нар чинь дөрвөн уулын дунд байдаг шүү гээд хөдөөгийн хэддээ үзүүлээд өгөхөд болохгүй зүйлгүй шүү дээ.
С.Баяр
URL:













