Нөхрийн дарамт эхнэрүүдийг хамгаалах байр руу хөтөлжээ
Хэд хоногийн өмнө эцэг, эхийнхээ хүчирхийлэлд өртөж дөрвөн настай бяцхан охин хорвоог орхисон. Түүн шиг хэчнээн хүүхэд хаалттай хаалганы цаана эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй шаналж байгааг хэн эс мэдэхэв. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл олны нүдэнд бус далд орчинд үйлдэгддэгээрээ хохирогчид эрүүл мэнд, амь насаа хамгаалахад хугацаа хожимдох аюултай. Харин хүчирхийллийн хохирогч болохоос 400 орчим хүнийг, тэр дундаа 269 хүүхдийг хамгаалж чадсан гэх мэдээг Хуульзүйн яамныхан дуулгалаа. Тус яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэргэдэх Түр хамгаалах байр гэр бүлийн хохирогчдыг байрлуулж, хууль эрхзүйн тусламж, зөвлөгөө, мэдээлэл өгдөг болсоор жил гаруйн хугацаа өнгөрч байна. “Буруугаа ойлгох байх” гээд эр нөхрийнхөө зодуур, доромжлолыг тэвчих эхнэр, ээж аавдаа зодуулчихаад “Би яах ёстой юм бол” гэж учраа олохгүй яваа багачууд гэр бүлийн хүчирхийллээс ангижирч чадаж байгаа эсэхийг сурвалжлахаар Түр хамгаалах байрыг зорив.
ТЭНЭМЭЛ ХҮҮХДҮҮДИЙН ГЭР
Хохирогчдыг хамгаалах газар учраас хаяг, байршлыг нь нууцалъя. Холбогдох албаны хүмүүстэй тухайн байрыг зорьж очвол үдийн алдад явж орвол үүдний өрөөнд халаалтын шугам түшээд гурван жаал тухалсан харагдав. Гар нүүр, өмссөн хувцас нь халтардуу байгааг харвал тэнэмэл хүүхдүүд. Нэгийгээ дэрлээд хоёр нь нам унтжээ. Нэг нь “Эгч ээ, та Төгөлдөрийг авахаар ирээ юу?” гэв. Түр хамгаалах байрны даргыг хүлээх зуур мөнөөх жаалтай багахан хугацаанд хөөрөлдвөл урд шөнө 03:00 цагийн үед хүргүүлж ирсэн гэнэ. Гэрээс нь хүн ирэх эсэхийг асуувал “Манайх нүүчихсэн. Хаашаа нүүснийг нь мэдэхгүй” гэв. Найзуудыг нь харин аав, ээж нь ирээд авчихдаг бололтой. Гэвч хэд хоногоос дахиад л тэд гадуур хоноглож, гуйлга гуйж эхэлдэг байна.
Хараа хяналтгүй хүүхдүүдийг нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрынхан хариуцах үүрэгтэй ч ажлын таван өдөрт, ажлын цагаар үйлчилгээ үзүүлдэг. Харин оройн цагаар тэдний аюулгүй байдал, хамгаалалтыг хариуцах газар байдаггүйгээс эргүүлийн цагдаа нар Түр хамгаалах байранд авчирдаг юм байна. Маргааш нь тэндээс дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс рүү холбогдож хүүхдээ авахыг сануулдаг аж.
Уг нь энэ байгууллагынхан гэр бүлийн хохирогчдыг хүлээн авах үүрэгтэй. Гуравдугаар сар гарснаар 10 гаруй хүнд үйлчилжээ. Зөвхөн гэр бүлийн хохирогч гэхээс илүү гэмт хэргийн гэрчүүдийг Тахарын алба авчирдаг болсон байна. Түр хамгаалах байрны найман өрөөнд нэг дор 30 хүн хүлээн авах боломжтой. Дотроосоо хоол унд, ахуйн хэрэглээгээр хангана. Хүчирхийлэлд өртсөн хэн нэгэн 102 болон 107 дугаарын утсанд холбогдож хуульзүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө авч болно. Шаардлагатай тохиолдолд хамгаалах байранд нь түр хугацаагаар байрлуулдаг гэж байв. Сүүлийн үед хүмүүс өөрийн биеэр энэ газрыг зорьж ирэн зөвлөгөө, тусламж авдаг болжээ.
Тус байранд өглөө 4:00 цагт ирсэн нэгэн бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр нөхрийнхөө дарамтаас зугтаж, дөрвөн настай хүүгийн хамт иржээ.
“ЗОДУУЛАХААС ИЛҮҮ ЗАНАЛХИЙЛЭЛ ХҮНД ТУСЧ БАЙНА”
-Өглөө эрт иржээ. Ямар шалтгаанаар ирэв?
-Нөхрийнхөө зодуур, доромжлолоос зугтаж ирлээ. Есөн жилийн турш нөхрийнхөө дарамтад байлаа. Ухаарах болов уу гэж олон жил хүлээсэн. Өөрөө үхнэ, эсвэл намайг ална гэж дайрдаг. Эгч, ажлын хамт олныг маань ч үг хэлээр дарамтлаад байдаг юм. Тиймээс өнөөдөр өглөө ийм шийдвэр гаргаж, гэрээсээ гараад явсан.
-Хүүхэдтэйгээ ирсэн гэв үү?
-Хүүгээ аваад ирсэн. Тийм зан авиртай хүнд яаж хүүгээ үлдээхэв. Хадмын хөгшчүүд байдаг ч хүүгийнхээ талд ордог юм билээ.
-Нөхөр тань архи уудаг юм уу. Яагаад та хоёр таарамжгүй болчихов?
-Манай хүн архи уудаггүй. Хар ихтэй хүн. Ажилгүй голдуу байдаг болохоор намайг ажлаа тараад ирэхэд хардаж янз бүрээр доромжилдог. Энэ нь даамжирсаар сүүлдээ зоддог, ганц эгч, хамт олныг маань элдэв бусаар занаж, дарамталдаг болсон. Манай төр засаг, албаны хүмүүс зодуулсан хүнийг л хүчирхийлэлд өртсөн гэж ойлгодог. Сэтгэлийн дарамт түүнээс ч илүү хэцүү байдаг юм байна. Гурав хоногийн өмнө зодуулснаас үүссэн толбо арилж байхад айж эмээсэн хэвээр л байна. Эгчийг минь очоод алчих вий, ажил дээр очоод юу гэх бол гэж айсаар байна. Олон жил ийм амьдралтай явсан болохоор шөнө дундаас хойш унтаж чаддаггүй болсон.
-Түр хамгаалах байрны тухай хаанаас болж мэдэв?
-Зурагтаар харж байсан. Хорооны нийгмийн ажилтан миний байдлыг мэддэг юм. Тэр хүн хаяг байршлыг нь зааж өгсөн.
-Цаашид яах бодолтой байна. Ажил төрөл, хүүхдийн сургууль цэцэрлэг гээд асуудал гарах байх?
-Өмнө нь нөхрөөсөө салахаар шүүхэд хандаж байсан. Эвлэрлийн гурван сар өгсөн. Тэр хугацаанд нь нөхөр уучлалт гуйсаар байгаад гомдолгүй болгочихсон юм. Гэтэл гурван сар дуусангуут зодож эхэлсэн. Одоо бол сална, баттай шийдсэн.
-Гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн дарамтлаад байх юм биш биз?
-Салалтаа шийдчихвэл хөдөө ээж рүүгээ явна. Хамаатнууд хүрээд ир гээд байгаа.
Д.Сэржмядаг: ХҮҮХДҮҮД СЭТГЭЛИЙН ХҮЧТЭЙ ДАРАМТАД ОРДОГ
Түр хамгаалах байранд нэг хүнийг 1-3 хоног байрлуулж, өөрсдийнх нь хүсэлтээр дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, гэр бүл, хөгжлийн төв, эмнэлэг, Хүчирхийллийн эсрэг төвүүд рүү хандаж асуудлыг нь шийдвэрлүүлэх журамтай. Гэвч эдгээр ажиллагаа нь гурваас илүү хоног шаарддаг учраас байрлуулах хугацаа хэтрэх нь олонтаа гэнэ. Биднийг очиход долоон эмэгтэй хамгаалалтад байв. Олонх нь бага насны хүүхэдтэйгээ иржээ. Хүчирхийллээс дайжиж хамгаалалтад орсон хүмүүсийн талаас илүү хувь нь хүүхэд байгаа нь зөвхөн зодуур, дарамтаас гадна хохирогч болсон ээжүүдээ дагаж ирэх нь цөөнгүй. Энэ тухай Түр хамгаалах байрны дарга, цагдаагийн хошууч Д.Сэржмядаг “Гэр бүлийн хүчирхийлэл нэг дээвэр дор болдог учраас эцэг эх нь, хойд эцэг нь, хамтран амьдрагчаа бие махбодид нь хохирол учруулж байгаагийн цаана нь хүүхдүүд зодуулаагүй ч сэтгэл санааны хүчтэй дарамтад орж байдаг. Тэд давхар хохирдог” гэдгийг албаныхан хэлж байв. Хүүхдүүд ээжийнхээ хамт хамгаалалтад орчихвол хүчирхийллээс хамгаалагдаж чадах боловч тэдний сурч боловсрох эрх зөрчигдөж байгааг албаны хүн хэлж байлаа. Тус байр нь хуучны барилга бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас ашиглах боломжгүй гэжээ. Тиймээс шинэ байр барих зураг төсөл боловсруулсан ч хотын төсөв танагдсанаас болж энэ жил хойшлуулжээ. Ирэх жилээс төсөвт өртгийг нь шийдчихвэл гадныхны жишгээр эмэгтэйчүүд нь хөдөлмөр эрхлэх, хүүхдүүд нь сургуульд сурах, амарч тухлах орчинтой болох нь зорилт тавин ажиллаж байгаа аж.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:













